Боловсролыг бөөрөнхий төмсөөр сольж болдог юм уу, З.МЭНСАЙХАН сайд аа...

Admin | 2022-08-02


   Саяхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Оюутнуудыг ургац хураалтад дайчилна” хэмээн мэдээлсэн. Мөн “Ургац хураалтад оролцсон оюутнуудын кредит цагийг тооцно” гэж хэлсэн ярилцлага олон нийтийн бухимдлыг нэлээд төрүүлэв. Ийм хүн төрийн сайдаар ажиллаж байх гэж хэмээн цахим орчимд нэлээд шүүмжлэв. Баахан баалуулсан сайд “Би тэгж хэлээгүй, Ургацаа цагт нь хураахгүй бол хүнсний хомсдолд орох гээд байна” гэсэн утгатай тайлбар араас нь хийгээд амжив. Ямартай ч түүний хэлснээр бол оюутнуудыг намрын ургац хураалтад дайчлан буюу албадан ажлуулах нь тодорхой болжээ. Тухайн оюутны өөрийн хүсэлтээр явах, эрүүл мэндийн шалтгаантэй эсэх нь энд дараагийн асуудал болчихоод байна. Харин ургац хураалтын ажилд явсан оюутан хичээлээ үзсэнд тооцон дараагийн кредитээ сонгох боломжтой гэж ойлголоо. Гэхдээ их, дээд сургуульд эрдэм номын мөр хөөж яваа оюутнууд энэ улсыг авч явах ирээдүй гэдгийг эрхэм сайд умартсан бололтой. З.Мэндсайхан сайдын хэлснээр бол өнөөдөр л тариа, ногоогоо цагт хурааж авч хүнсээ нөөцөлж байвал маргаашийн монголын ирээдүй хамаагүй гэнэ. Үнэндээ тариа, ногоо гэж төмс хураалтыг хэлээд байгаа юм. Боловсролыг бөөрөнхий төмсөөр сольж болдог юм уу, эрхэм сайд аа...?!

Үнэндээ эцэг эхчүүд үр хүүхдээ эзэмшсэн мэргэжилтэй, ихийг хийж бүтээх боловсролтой хүн болоосой гэж их, дээд сургуульд явуулдаг. “Яаж ийгээд сургалтын төлбөрийг чинь хийнэ. Чи л сурах хэрэгтэй” гээд хуруу, хумсаа хугалан байж хүүхдээ сургууль бараадуулдаг. Гэтэл манай төрийн түшээд “Ногоогоо цагт нь хураах хэрэгтэй байна. Ногоо сайн хураавал хичээлээ үзсэнд тооцно” гэсэн үгийг хээвнэг хэлээд сууж байх юм. Төрийн түшээ хүн ийм хариуцлагагүй үгийг амныхаа хийгээр унагаж болох уу...

Эсвэл төр түшилцэж яваа энэ хэдэн сайдуудын үнэн л энэ юм уу. Зарим орон сайн боловсролын төлөө хөрөнгө хайрлахгүй зориулж байхад манайд эсрэгээрээ боловсролын салбараас тариа, ногооны талбай руу чирч байх юм. Ажил хийж сурах нь хүнд хэрэгтэй ч ажлын цагийг хичээлийн программтай дүйцүүлж даанч болмооргүй юмсан.

Харин ажилгүй иргэдээ ажил хийж сургах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Эсвэл шоронд ял эдэлж буй хоригдлуудыг, цэргүүдийг ургац хураалтад яагаад ажилд дайчилж болохгүй гэж З.Мэндсайхан сайд аа...

                                                                                                               Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)