БӨХЧҮҮДИЙН гавьяаг ил өгдөг шигээ ДОПИНГ хэрэглэсэн алдааг нь ч ИЛ БОЛГО, МАГАЛЖАВ АА

Admin | 2022-05-10


   Хэдхэн хоногийн өмнө хоёр бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлэл цацагдсан. Допинг илэрсэн бөхчүүд нь хоёр аймгийн цолтой бөхчүүд юм байна гэдэг цуурхал ч гараад амжсан. Олон нийтийн зүгээс допинг илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг нууцлаж байгаад эцэстээ нэр цохогдож явсан улсын цолтой бөхчүүд сугарч, аймгийн цолтой бөхчүүд нь үлддэг шударга бус үйлдэл сүүлийн хэдэн жил үзэгдэх болсон. Тэгвэл тавхан хоногийн өмнө Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Энэ нийгэмд тийм чухал асуудал биш. Нэрийг нь зарлах журам байхгүй. Цаашдаа ч допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлахгүй” хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа хэллээ. Үүнээс гадна “Үүнийг нийгмийн цөөхөн хэсэг буюу бичих унших чадвар бага, бичсэн зүйлд дүгнэлт хийн тунгаах чадваргүй бөх сонирхогч гэх нөхөд журам зөрчсөн үйлдлүүд болох сөрөг хариуг зарлах зэргийг холбооноос хүсэж байх шиг. Допингийн шинжилгээ спортын холбоодын  асуудал. Хоёр бөх хариуцлагаа хүлээнэ, үүнийг сэтгүүлчид мөн эрүүл бус зарим  хүмүүс тэсэн ядан хүлээж, тэднийг давхар шийтгэх ямарч шаардлагагүй” хэмээн ярьсан нь олны бухимдлыг төрүүлээд байна.

Монгол бөх нэг холбооны асуудал биш. Монгол үндэстний өв соёл, уламжлалын асуудал. Бүх зүйл ил тод байх ёстой. Гэтэл МҮБХ-ны тэргүүн нь олон нийтийн сувгаар “Энэ бол та нарт хамаагүй. Эрүүл бус зарим хүмүүс” хэмээн бөх сонирхогчдыг, ард түмнийг доромжлоод сууж байна. Үнэхээр л бөхчүүдээ бодож байгаа юм бол допинг хэрэглсэн бөхчүүдийн нэрсийг нээлттэй зарлаж, үүний эсрэг тэмцэх ёстой. Зохих хариуцлагыг нь хүлээлгэж байж бусдад нь анхааруулга болно. Тэгэхгүй холбоондоо хав дарчихаад хэзээ үндэсний бөх эрүүл болно гэж хүлээх вэ. Ер нь улсын том цолтонгууд нь гайгүй сайн барилдаж байгаа залуу бөхчүүдээ давахаа байгаад ирэхээр допинг нэрээр дарж авдаг аргатай болсон гэх яриа ч олны дунд гарчээ. 

 Бөхчүүдийн гавьяа шагнал, алдар цолыг ил өгдөгтэй адил алдаа оноог нь ч олны өмнө ил болго, Магалжав аа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)