
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд ирж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш УИХ-д байнга хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Засгийн газрыг бүх талаар дэмжсээр ирсэн. Цар тахлын маш хүнд нөхцөлд 4 жил Ерөнхий сайдаар ажилласан хүний хувьд энэ албан тушаалын зовлон жаргалыг маш сайн мэднэ. Энд суугаа хоёр хүнийг /Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан/ маш их хайрладаг, одоо ч хайрлаж байна.
Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Би бүхий л итгэл үнэмшил, улстөрийн ажлаа үүнд зориулсан. Ямар хүн харин Ерөнхийлөгчийн засаглалын талаар яриад байгаа юм бэ? Ерөнхийлөгч өөрийн бүх эрх мэдлээсээ татгалзсан. Өнөөдөр Ерөнхийлөгчид тийм их эрх мэдэл байхгүй. Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, өөрөө огцруулж болдог, тийм эрхтэй болсон. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан Авлигатай тэмцэх газрыг Засгийн газар руу шилжүүлсэн. Парламент нь Засгийн газраа хянадаг учраас тэндээ байг гэж би өөрөө үзэж, би өөрөө тийшээ шилжүүлсэн.
Ерөнхийлөгч шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр томилохгүй байгаа шүү дээ. Парламентын мэдэлд очсон. Ерөнхийлөгчид ямар ч эрх мэдэл байхгүй. Ийм л Ерөнхийлөгч байгаа шүү дээ.
Өнөөдөр төрийн тэргүүн хэн нэгнийг дарамтлаад, Засаг төрөө дарамтлаад байгаа юм байхгүй.
Ардчилалын баталгаа бол парламент. Манай ард түмний сонгосон сонголт бол парламент. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Би дахин зургаан жилээр сонгогдохгүй. Намайг харин хэн дахин сонгоод байгаа юм бэ?
Өнөөдрийн болж байгаа үйлдэлд яагаад парлментын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэдэг зүйл яриад, ард түмний толгойг эргүүлээд, хариуцлагаас зугтах гээд байгаа юм бэ? “Бусдыг битгий хуураарай, хулгай битгий хийгээрэй” гэж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрт хүүхэд байхаас нь захисаар ирсэн. Энэ итгэлийг маань алдахгүй байх гэж одоо болтол найдаж байна.
“Баялагийн сан”-г би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачилсан юм. “Баялагийн сангийнхаа хуулийг баталчихлаа, одоо ажлаа шуурхай хийгээрэй” гэж УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Байгалийн баялаг бол бурхны бүтээл. Тиймээс баялагаа монголын ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой. Энэ баялагаас хулгай хийж авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Ард түмний баялагийг хулгай хийж, хууль бусаар авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Энэ миний философи.
МУ-ын Ерөнхийлөгч гурван зүйлд санаа зовж явдаг. Нэгдүгээр, МУ-ын тусгаар тогтнол, хоёрдугаарт манай улсын аюулгүй байдал, гуравдугаарт ард түмний дотоод эв нэгдэл.
Гэтэл талбайд юу болоод байгаа юм бэ? Тэдний тавьж байгаа шаардлага маш тодорхой. Гэтэл яагаад тэднийг хараагүй юм шиг, тэдний шаардсанаас огт өөр зүйл яриад байгаа юм бэ? Ард түмэн 20 хоног жагслаа шүү дээ. Энэ шаардлагад манай парламент зохих хариуг нь өгөх ёстой гэж би бодож байна. Ард түмний асуудал та бүхний хувьд нэгдүгээрт гэж би бодож байна.
Би дөрвөн удаа албан тушаал “өгч” явсан. Үүний цаана нэг л юм байсан. Энэ бол ард түмний шаардлага, хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж байсных. Иймээс өөрийн хашиж буй өчүүхэн албан тушаалд бүү шигд. Уучлал гуйж сур. Үнэнээ хэлдэг байх ёстой. Хариуцлага хүлээж сурах ёстой. Ард түмний нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг би бүх албан тушаалтнуудад төрийн тэргүүний хувьд зөвлөж байна.
Би улстөрд 35 жил явж байна. Амьдралдаа олон ч алдаж үзлээ. Би албан тушаалаа хэзээ ч худалдаж байгаагүй, би улс эх орноо хэзээ ч худалдаж байгаагүй. Би таван нам дамжиж амьдраагүй, би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай.
Эцэст нь, Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон хүн. Би ард түмнийхээ талд бат хатуу зогсоно шүү. Түмний хүссэн зүйлийг хангахын төлөө явна. Төрийн тэргүүнийхээ үгийг сайн тунгааж, асуудлаа шийдэх байх гэж найдаж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал нь дэмжсэн шүү. Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаасаа асуугаарай.
Ард түмнийхээ үгийг сонс. Бие биенээ доромжилж гутаахаа боль. Ийм юм хийж байж бид ардчиллыг хамгаалж байна гэж ярьж болж байгаа юм уу? Парламентын гишүүд та бүхэнд төрөө авч явах эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилд амжилт хүсье. Ард түмнээ шар махтай нь бүү хатаа. Та бүхэн ард түмний хүссэн зүйлийг биелүүлж чадахгүй бол ард түмэн арай өөрөөр ярьж чадах нь байна шүү. Энэ олон залуус үймээн самуунгүй үзэл бодлоо хамгаалж байгаад баярлаж байна.
Ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль. Та бүхэн ард түмнээ төлөөлж байгаа, эрхэм нэр хүндтэй хүмүүс шүү. Ард түмнийхээ талд зогсож бай. Албан тушаалын жижиг сэнтийд битгий шигд. Эр зоригтой бай. Алдаа гаргасан бол тэрийгээ хүлээ, асуудлаа шийд. Ард түмнийг битгий талцуул, битгий хуваа.
Би ганцхан юмнаас айдаг. Ард түмний минь итгэл найдвар алдрах вйи гэдгээс л айдаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13


















Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

