УИХ-ын гишүүд орон нутагт ажиллах хүсэлт гаргаснаас болж чуулган завсарлаж магадгүй

Admin | 2024-05-03


  УИХ-ын чуулган завсарлаж магадгүй байна. Учир нь чуулганы өчигдрийн хуралдаанаар  54.2 хувийн ирцтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаад завгүй яваа бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар ч нуусангүй чуулганы үеэр хэлэв. Тэрбээр "Гишүүдээс орон нутагт ажиллах хүсэлт их ирж байна. Ирэх долоо хоногт хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, "Шинэ хоршоо, чинээлэг малчин" санаачилгын хэлэлцүүлэг зэрэг ажлаар хөдөө орон нутагт ажиллая гэсэн санал хүсэлт маш их ирж байгаа. Үүнийг харгалзан үзээд баасан гарагт бүх хуулиудаа хэлэлцчихвэл чуулганыг завсарлуулж магадгүй. Өдий үед хууль хэлэлцэх маш хүнд байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр санал өгдөггүй байсан учраас "төгөлдөр хуурдах" гэсэн нэр томьёотой байсан. Долоон гишүүн сууж байгаад л хууль баталчихдаг, ирц бүрдүүлчихдэг байсан жишээнүүд бий. Нэг гишүүн 10 секундэд есөн гишүүний кнопыг дарж рекорд эвдэж байсан" хэмээн онцлов.

Хаа нэг орон нутгаар ажиллаж харагддаг гишүүд маань их л яаруу байгаа бололтой. Ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль болно. Тиймээс гишүүд хуулийн хэрэгжилтийг шалгах нэрээр орон нутгийн сонгогчидтой ойр ажиллах сонирхол их байгаа нь мэдээж. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаа шахаад маргаашнаас орон нутгийн зүг мордох бололтой. Улс орны ирээдүйг шийдэх асуудлыг хэлэлцэхээс илүүтэйгээр сонгуулийн сурталчилгаагаа хийх нь гишүүдийн аминд тулсан ажил болжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)