ТОМИЛОЛТ: Хүний мэдрэхүйг “урхидан” хөгжиж буй Хятадын аялал жуулчлал

Admin | 2024-05-07


  Галт тэрэг хөдөлж, бидний хэдэн нөхдийн аялал эхэллээ. Галт тэрэгний зүтгүүр эрчийг авахтай зэрэгцэн сэтгэлийн хөг эгшиг нэмэгдэнэ. Шинэ содон зүйл үзэх сэн гэхээс сэтгэл догдолж буй нь энэ. Учир нь энэ удаагийн аялал нь Өвөрмонголын Хөх хот, Шилийн гол аймаг, цаашлаад Шааньси мужийн Ши Ань хот хүрэхээр төлөвлөсөн Хятадын сэтгүүлчдийн холбоо болоод Монголын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулж буй ажлын томилолт юм. Томилолт, нөгөө талаараа тус бүс нутгийн хөгжилтэй танилцах аялал юм.

Ши Ань хот хүрэхийн тулд Эрээнээс Хөх хот руу онгоцоор эсвэл автобусаар явж болно. Тэндээсээ Ши Ань хот руу орон нутгийн нислэгээр цаг гаруй нисээд л хүрчихдэг юм байна. Хятадын орон нутгийн нислэг маш сайн хөгжсөн нь зорчигчдын ачааллаас харагдах аж.

Шаньси мужийн талаар монголчууд эчнээ мэднэ. Хятадын төв бүс нутаг гэгдэх бөгөөд Ши Ань хот сүүлийн хэдэн жилийн аялал жуулчлалын чиглэлээр эрчимтэй хөгжиж буй. 13 сая хүн амтай тус хотын хувьд эртний хаадын өлгий нутаг гэгддэг ажээ. Эртний Мин, Чин, Тан гүрэн хүртэл нийтдээ 13 улсын нийслэл хот байсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Манайхаар бол Хархорин хоттой үүх түүх нь төстэй гэсэн үг л дээ. Монголчууд Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн хүн гэж өөрийгөө тодорхойлж омогшдог шиг Ши Ань хотын ард түмэн ч өөрсдийгөө хааны удамтай нутгийн хүмүүс хэмээн ихэд бахархдаг байна. Тиймээс Ши Ань хотыг хөгжүүлэх гол бодлого нь түүхэн өв соёлд чиглэсэн гэхэд болно. Өндөр барилга, өргөн гудамж, цэцэрлэгт хүрээлэн гээд үзэж сонирхох зүйл их ч эртний хаадын түүхийн дурсгалт газрууд хамгаас илүү жуулчдын харааг булаах аж.

Хотын төвд байрлах 1400 жилийн настай хэрэм

Хотын төв хэсэгт Цагаан хэрмийг санагдуулам хуучны хэрэм сунайна. 13.7 км урт, 18 хаалгатай энэхүү Ши Ань хотын хэрэм нь 1400 жилийн түүхтэй бөгөөд Сүй улсын эзэн хаан Кайхуагийн үед баригдсан гэж үздэг байна. Түүнчлэн Тан гүрний үед өргөтгөж барьсан гэдэг аж. 18 метр өндөр, 12 метр өргөн уг хэрмийг шавар зуурч, саарал хөх чулуун тоосго ашиглаж барьсан харагдана. Төв хаалганы үүд нь яг эртний байдлаар нээгдэж, хаагдах юм. Өглөө 9:00 цагт үүдээ нээх бөгөөд тус хэрмийг үзэж сонирхохын тулд жуулчид 50 юань төлөх ёстой. Тоглолт үзэх бол 80 юанийн үнэтэй. Өдөрт дунджаар уг хэрмийг үзэхийн тулд 10-20 мянган жуулчид тасалбар худалдаж авдаг байна. Аялал жуулчлалын оргил үед өдөрт 50 мянган жуулчин хүлээж авах чадалтай гэнэ. Ингээд цагийн зүү 9:00 цагт заахад хэрмийн хаалга нээгдэж Тан гүрний үеийн цэрэг, баатруудыг илтгэх өмсгөл зүүсгэлтэй сүр жавхлант тоглолт эхлэв. Аяллын хөтөч эхэнд гарч ирсэн ноён байрын хувцастай жүжигчдийг зааж эдгээр хүмүүс бол Тан гүрний гадаад харилцааг хариуцсан ноёд түшмэдийг илтгэж байна, харин хажуудах цэргүүд харуулын цэргүүд бол, алтлаг дуулга өмссөн нь харваач цэргүүд хэмээн тайлбарлав. Их л сүр жавхланг үзүүлсэн уг тоглолтыг харсан хэн ч Тан гүрний үед очсон мэт сэтгэгдэл төрж огшиж буй нь харагдана. Ингээд тоглолт дуусаж хэрэм дээр гарав. Хэрмийг уртыг дагаад хуучны хэв маяг бүхий байшин, барилгууд байх аж. Эдгээр хуучин барилгуудыг буулгахгүйгээр үлдээсэн бөгөөд бүгд л хуучны хэв шинжийг агуулсан хоолны газар, зочид буудал, дэлгүүр зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Шил толь шиг сүндэрлэх шилэн барилгуудын дундаас эртний хотын хамгаалалт бүхий хэрмийг үзнэ гэдэг жуулчдын хувьд нүд баясгасан зүйл мөн биз ээ.

     Тан гүрний цаг тооллын гудамж буюу аялал жуулчлалын брэнд бий болгожээ

Жуулчдыг татах дараагийн газар бол Тан гүрний үеийг илтгэх “Чан Ань 12 цагийн сэдэвт гудамж” байв. Энэхүү гудамж буюу төв Ши Ань хотын Чюй Жян шинэ дүүргийн “Манти” плазад байрладаг. Энэ бол аялал жуулчлалд зориулж барьсан энэ цагийн барилга гэсэн үг. Нийт 24 мянган метр квадрат талбайд бүтээн байгуулалт хийж Тан гүрний үеийн түүхийг илтгэх цаг тооллын дүрслэл, дуу бүжиг, тоглолт, худалдаа наймаа гээд бүхнийг цогцоор нь шийдсэн аялал жуулчлалын загвар бий болгож чаджээ. Зөвхөн Ши Ань гэлтгүй Хятадын хэмжээнд брэнд болж чадсан аялал жуулчлалын төв гэж нэрлэгдэх болж. Уг төвийн гадна, дотно засал эртний улсыг санагдуулам аж. Үүдээр ороход эртний хаад, хатдын хувцас өмсөх хэсэг байх бөгөөд 190 юань төлөөд хувцас өмсөж болно. Хувцас өмсөөд үс гэзэг, нүүр будалт хийлгэхийг хүсвэл нийтдээ 390 юань төлнө. Энэхүү хувцас хэрэглэлийг өмсөж уг төвийг сонирхвол яг л Тан гүрний үед амьдарч буй мэт мэдрэмжийг түрүүлэх аж. Тиймээс сошиал орчинд олон дагагчтай олон мянган залуус уг соёлын төвийг зорьдог байна. Биднийг үзэж сонирхох явцад ч бичлэг хийж буй хүн олон байв. Эртний түүх соёлыг орчин үеийн техник технологи ашиглан олон янзын эффектээр өнгө нэмж, хүний мэдрэхүйд хүрч энэхүү аялал жуулчлалын арга барил ихэд анхаарал татав.

Уг газраас гарангуут залгаад “Нойргүй хот” хэмээн нэрлэсэн Тан гүрний үеийг илтгэх барилгаар хүрээлэгдсэн гудамж угтана. 2019 онд Хятад бодлогоор худалдааны 11 гудамж, талбайг засаж, шинэчлэх төслийг эхлүүлсэн бөгөөд үүний нэг нь “Нойргүй хот”-ын гудамж юм. Уг гудамжаар өдөрт 200 мянган хүн өнгөрдөг бөгөөд энэ хэрээр хотын эдийн засгийн эргэлтэд нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Гудамжны тухайд Хятадын хаадын тухай өгүүлэх кинонд гардаг шаазан цагаан царайтай, газар шүргэсэн хаад, хатдын өмсгөлөөр гоёсон залуус эргэн тойронд тоймгүй олон харагдана. Гудамжийг эртний хийц загвартай барилгаас гадна гэрэлтүүлэг ихэд чимэх аж. Дэнлүүгээр чимэглэсэн уг гудамжны гэрэлтүүлэг шөнийн 02:00 цаг хүртэл асаалттай байдаг учир “Нойргүй хот” хэмээн нэрлэсэн аж.

               Хятадын орчин үеийн анхны том Шааньси түүхийн музей

Ши Ань хотод очсон хүн бүхэн тус мужийн “Шааньси” түүхийн музейгээр зочлохгүй өнгөрнө гэж үгүй. Тус музейг 1991 онд нээсэн байна. Хятадын орчин үеийн анхны том түүхийн музей гэгдэх бөгөөд Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн музейд тооцогддог байна. Мөн Хятадын 20-р зууны архитектурын гол бүтээн байгуулалт гэж үздэг байна. Музейд нийт 1.71 сая соёлын эд зүйлсийн цуглуулга дэлгэсэн бөгөөд “Шааньси мужийн эртний соёл иргэншил”, “Их Тан гүрний түүхэн эрдэнэ-Хэ овогтын тосгоны тууриас гарсан соёлын эд материалын үзэсгэлэн”, “Тан гүрний ханын зургийн үзэсгэлэн” хэмээн музейн танхимыг зааглан тохижуулжээ. Энэхүү музейд эртний Тан гүрний үед нүүдэлчдийн соёлоос улбаалсан багагүй үзвэр, олдворууд ч байх аж. Хамгийн сонирхолтой нь уг музей хөл гишгэх зайгүй шахуу хүн ихтэйн дээр ихэвчлэн дотоодын жуулчид харагдаж байв. Учир нь энэ музей байгуулагдсанаар хятадын ард түмний түүхэн соёлыг хүндэтгэх, итгэл үнэмшил эрс нэмэгдсэн гэж үздэг бөгөөд тус улсын өнцөг бүрээс “Шааньси” музейг үзэх иргэдийн тоо тасардаггүй аж.

Түүнчлэн музейн булан тохойд сэрүүнээр үлээх сэнс нэлээдгүй байрлуулсан тулдаа л энэ олон хүн музейг бүтэн тойрдог болов уу гэлтэй харагдана. Ерөөс аль ч түүхэн дурсгалт газруудаар орсон жуулчид зураг, бичлэг чөлөөтэй хийж харагдсан. Түүнчлэн хувцас хэрэглэл өмсөх, тоглолт үзэх, худалдаа наймаа хийх зэрэгт ямар нэг хориглосон зүйл үгүй нь хятадын аялал жуулчлалын онцлог гэлтэй. Түүхэн дурсгалт газар гээд хэдэн барилга, байгууламж үзүүлэхээс илүүтэйгээр тухайн цаг үед очсон мэт сэтгэгдлийг төрүүлж хүний мэдрэхүйд хүрч үйлчлэх нь хятадын аялал жуулчлал хөгжиж буй гол шалтгаан аж ээ.

Монголд жуулчин ирэхэд Цонжин болдогт байрлах Чингисийн морьт хөшөөг зүгээр үзүүлээд явуулах бус 13-р зууны үеийн Чингис хааны амьдарч байсан цаг хугацааг илтгэх тоглолт үзүүлэхээс эхлээд хүний мэдрэхүйд хүрэх боломж бидэнд бүрэн байна даа хэмээн дотроо бодож зогслоо.

Үргэлжлэл бий...

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)