Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Admin | 2025-04-17


   Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан. Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөн бөгөөд Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн байсан. Ингэснээрээ “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдэлийг нэмэгдүүлсэн.  Бид гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор бүрэн буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажил үргэлжлээд явж байна” гэв.

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж ГУББГ-аас Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Баруун уул, Толгойт, Намгийн сувагт цэвэрлэгээ хийж байна. Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт төлөвлөгөөт шугамын лаг цэвэрлэгээг хийж байна.

ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)