Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Admin | 7 цагийн өмнө


   Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.15)-ийн нэгдсэн хуралдаан завсарлагагүй үргэлжилж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үдээс хойно үргэлжлүүлсэн юм. Хэлэлцүүлгийн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан бодлого, зорилт, төсөл арга хэмжээ болон тэдгээрийн тооцоо судалгаа, хэрэгжих боломж, шалгуур үзүүлэлт, цаг хугацааны хүчин зүйл, урт болон дунд хугацаанб хөгжлийн бодлого, зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, нүүрний олборлолт, нийслэл хотын бүтээн байгуулалт зэрэг олон ажилд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар урьж байгаа нь монгол хүний үнэлэмжийг унагасан, гадаад хүнийг тахин шүтэх нөхцлийг бий болгох уршигтайг болон урт хугацааны том зорилго, зорилттойгоо жилийн хөгжлийн төлөвлөгөө уялдаж, тэдгээр том зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил жилээр дөхөж байх ёстойг дурдаж, 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оныход дахин төлөвлөсөн, мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болон технологи дамжуулах, нутагшуулах төслийн хүрээнд ямар ажил хийгдэхийг тодруулж асуув.

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-ны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох хариулахдаа, Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хүрээнд улсын хэмжээнд шинээр аж үйлдвэрийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтийг хийх болон одоо хэрэгжиж байгаа суурь судалгаа, туршилт, тохируулгын ажлуудыг өргөжүүлнэ гэлээ. Харин технологи дамжуулах төслийн хүрээнд мэдлэгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ гээд, уг асуудлаарх Үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж, энэ оноос хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өгөв. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл оюун ухааныг олон салбарт нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн чадавхыг сайжруулах, өндөр технологийг техникийг дундын өмчлөлийн хэлбэрээр хэрэглэх, түүнчлэн өгөгдөл, мэдээллийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тархмал дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа энэ оны хөгжлийн төлөвлөгөөтэй харьцуулахад дэд зорилтуудын тоо ихээхэн цөөрсөн, тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас англи хэл, роботикын хичээл үзэх зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан зорилтуудаас тусгагдаагүйн учрыг асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээний үр дүнг тооцох аргачлал, шалгуур үзүүлэлтээрээ авч үзээд заримыг хассан, бодлогын гол гол ажлуудаа оруулсан, 2026 оны төсөөлөл тун даруухан байгаа гэсэн хариулт өгсөн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газар зорилгоосоо ухраагүй, үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэврийн хуримтлалын бодлого хэрэгжээд явж байгаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас удахгүй Улсын Их Хуралд халамжийг хумих, хүндээ хүрсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой хөтөлбөр өргөн барьж, хэлэлцүүлнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа үндэслэл тооцоогүй, хэрэгжих боломжгүй ажлуудыг төлөвлөгөөнд тусгалгүй хасаж байгаа нь зөв гэж үзэж байгаагаа дурдаж, төлөвлөлтөө сайн хийгээгүйгээс байнга эргэж буцсан шийдвэр гаргаж байна гэсэн юм.

2024 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг Үндэсний аудитын газраас 52.8 хувьтай гэж дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат сануулаад, төрийн ямар ямар чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, стратегийн ямар ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн албанаас орон тооны цомхотголд оруулах хүмүүсийг ямар салбар руу шилжүүлэх, 10 000 нарны дээвэр төслийг хэрхэн хэрэгжүүлэх, улсын төсвөөс тусдаа зохицуулалтаар гадаадын зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, татварын дарамт буурах эсэх зэрэг тодорхой асуултуудыг тавив. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд төсвийн зардлыг 15 хувь бууруулахаар тусгасны дагуу жил жилээр багасгаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, татварын реформ багадаа 4.0 их наяд төгрөгийн, орлого, зарлага дээрээ нийт 8.0 их наяд төгрөгөөр бичигдэх хэмжээний өртөгтэй учир үүнийг 3-4 хэсэг болгон хувааж, улсын төсөвт ирэх ачааллын дэс дараатайгаар хуваарилж хэрэгжүүлнэ гэв. Татварын багц хуулийн шинэчлэн найруулсан төслийг энэ сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг тэрбээр мэдээлээд, төсвийн хязгаартаа багтахгүй учир гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрийг зарлагадаж чадахгүй байгаа учир энэ эх үүсвэрийг Төсвийн тухай хуулиас тусдаа бие даасан хуулиар зохицуулж ашиглах нь зүйтэй гэсэн зарим Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний реформын үндэсний хороо, “Эрчист Монгол” ХХК, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг болон Эрчим хүчний яам (ЭХЯ) гээд энэ салбар дөрвөн толгойтой болсон тухай дурдаж, Улаанбаатар хотын айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүч үйлдвэрлэж, өөрсдийн хэрэглээнээс илүү гарсныг төвийн системд өгч, авдаг байвал энэ систем тогтвортой ажиллаж чадахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Тэрбээр, 10 000 нарны дээвэр төсөл бол ЭХЯ-наас өгсөн санал биш гэсэн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газраас “Ногоон корпораци”-аа байгуулаад, эрчим хүчний тархмал эх үүсвэрийг ашиглахад зориулан гадаадаас болон Хөгжлийн банкнаас санхүүжилтээ аваад эхэлсэн талаар танилцуулсан юм. Засгийн газар ирэх долоо хоногт энэ талаар бодлогын шийдвэр гаргах ажээ.

Залуучуудын хөгжил, залуу гэр бүлийг дэмжих төсөл, арга хэмжээ хөгжлийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүйд харамсаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг онцлоод, залуу малчид мал ахуйгаа эрхлэнгээ хөгжих боломжийг бий болгох, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх асуудлыг хөндөв. Гэр бүлийн гишүүдийн нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд залуучуудыг дэмжих ажлууд хийгдэнэ гэсэн хариултыг түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас хүргүүлсэн саналуудыг ЭЗХЯ хассан тухай сайд Ч.Номин дурдлаа.

Хэдийгээр ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээ тусгагдаагүй ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын болон 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд залуучуудад чиглэсэн ажлуудаа хэрэгжүүлж байна гэсэн тайлбарыг тэрбээр хийж, Залуучуудын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулна, “Миний түрээсийн орон сууц”, “Миний анхны орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн сайд Л.Энх-Амгалан Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байгаагаа ярив. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ССАЖЗЯ-наас хүргүүлсэн саналууд яагаад хасагдсан талаар асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат төлөвлөгөөнд тусаагүй нь хийхгүй гэсэн үг биш, үргэлжлээд, урсгал зардлаар хийгээд явах боломжтой гээд, хэлэлцүүлгийн явцад төлөвлөгөөнд нэмж тусгах боломжтой гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх өвөл Улаанбаатар хотын иргэд ямар түлш түлэх, сайжруулсан шахмал түлшийг өөрчилж, илүү сайжруулсан эсэх, утаатайгаа өвөлжих эсэхийг асуухад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ асуудал Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ)-т шилжсэн гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн даатгалын шимтгэл болон татвар хэрхэн буурах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон төрийн албан хаагчдын 10 хувийг цомхотгох, төрийн  байгууллагуудын дэргэд шинээр олон төвүүд байгуулах зорилтууд зөрчилдөж байгаа эсэхийг асуусан юм. Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл бол тооцоо судалгаа сайтайгаар, цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжих байдлыг харгалзаж, хүн амын насжилт, хөдөлмөр эрхлэлт, мөнгөний бодлого, шимтгэлийн хэмжээ, хамрагдалт зэргийг цогцоор тооцож хийх ёстой гэсэн байр сууриа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан илэрхийлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан төсвийг хумих бодлогыг Засгийн газар баримталж буй учир бусад эх үүсвэрийн, ялангуяа хувийн хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх чиглэлээр ажиллана, үүнтэй уялдуулан татварын тогтолцооны бүх нэр төрөл, үе шатыг шинэчилэх багц хуулийн төслийг боловсруулж байна гэлээ.

Улаанбаатар хотод ирэх өвөл түлэх түлшний талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хариулахдаа, хотыг ногоон шар бүсүүдэд ангилсан тухай дурдаад, ногоон бүсэд цахилгаан халаалт болон хийн түлш, бусад бүсэд уламжлалт болон хөх нүүрс түлнэ гэлээ. Харин, малын түүхий эдийг боловруулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хангалттай хүчин чадал суурилагдаад байгаа гэсэн хариулт өгч, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүчин чадлыг нэмэгдүүлж байна гэлээ. Ховдын үйлдвэр технологийн паркын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр, Дархан-Ул аймгийнхыг орон нутгийн болон хувийн хэвшлийн түншлэлээр, Эмээлтийнхийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байгаа талаар тэрбээр танилцуулж, паркуудад байгуулагдах үйлдвэрлэл, үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад төр оролцохгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ гэсэн юм. Эзийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Батлан хамгаалах яам (БХЯ)-ны дэргэд байгуулагдах Дрон угсрах төв зэрэг төвүүд тодорхой ажил үүргийг тодорхой хугацаанд, тодорхой зардлаар хийж, тогтворжуулаад хувийн хэвшилд шилжүүлэх буюу татан буугдаж байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгож буйг сайшаагаад, тус салбарыг үндсэн үзүүлэлтүүд ирэх жилүүдэд хэрхэн сайжрах,  их, дээд сургуулийг дэмжих, өндөр технологийн лабораториудыг байгуулах, багшлах боловсон хүчний хомсдолыг шийдвэрлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх болон сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, Коосэн сургуулийн хөтөлбөрийг нэвтрүүлэх зэрэг олон зүйлийг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Боловсролын яам (БЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал товч хариулт өгч, 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон “Боловсролын жил”-ийн ажлыг төлөвлөх, бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулагдсаныг мэдээлж, эдүгээ 98.0 хувийн биелэлттэй байгаа Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “1000 инженер” төслийн дараагийн шатанд судалгааны их сургууль, судалгааны лабораторийн ажлууд төлөвлөгдөж буйг танилцуулсан юм. Багш нарын нийгмийн баталгаа, ажлын байран дээрээ хөгжих, тогтвортой ажиллах бодлогыг таван жил хэрэгжүүлэхэд цаашаа хэвийн болно гэж тэрбээр яриад, цалингийн хэмжээг нэмэх нь макро эдийн засагт нөлөөлөх учир урамшууллыг нэмэх БЯ-ны байр суурийг илэрхийлэв. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Коосэн боловсрол, инженер бэлтгэх ажлуудын хэрэгжилт сайн байгааг тэмдэглээд, чанарыг унагахгүй байхад анхаарах ёстой гэлээ.

Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төслүүд хангалтгүй, эрүүл мэндийн оноглогооны төвүүдийг бүсүүдэд бус аймгуудад байгуулах, эмийн үйлдвэрүүдийг байгуулахад анхаарах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен санал гаргаж, маш ихээр хаягдаж байгаа малын түүхий эдийг боловсруулах, бэтгэн нийлүүлэх асуудал тулгамдаж буйг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар засийн газар дорвитой өөрчлөлт хийхгүй бол малчдын амьдрал сүйрэхэд хрээд байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ядуурал хэрхэн буурах, залуучуудын эх орноосоо дайжих байдал яаж саарах, Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах талаар санал хэлж, хэвийн хэвшлийг дэмжихэд анхаарал хандуулахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан эдийн засгийн эрх чөлөөг хангах төсвийн бодлоготойгоо нийцүүлж хувийн хэвшлийг дэмжих татварын таатай бодлого хэрэгжүүлэх учиртайг онцлон мега төслүүдийг баталж байсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул эргэж харах нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулж, батлуулах, хүүхдийн шим тэжээлийг дэмжих хөтөлбөр, төслийг төлөвлөгөөнд тусгах тухай санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын сонгон шалгаруулалтыг үндэсний аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүйгээр зохион байгуулж, гадаадын компаниудыг шалгаруулсныг шүүмжилж, нийслэлийн удирдлагуудыг хуульд захирагдаж ажиллахыг сануулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар мөнгөний бодлогын зарим асуудлыг тодруулж, төгрөгийн ханш тасралтгүй буурч байгаад Засгийн газар ямар дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатар хотоос зарлаж, шалгаруулж байгаа тендер, тэдгээрийн нөхцөл болзлын асуудлыг чухлаар тавьж, цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийчих ажлыг төр, орон нутгийн захиргаа үүрч, үүнээсээ болж тухайн ажил, үйлчилгээ алдагдахад хүрч буйг шүүмжилсэн юм. Үндэсний компаниуд хангах боломжгүй хэт өндөр нөхцөл болзол тавьж, төсвийн хөрөнгөөр, 30 хувийн урьдчилгаа өгч гадны компаниудаар бүтээн байгуулалтын ажлуудаа хийлгэхээр болж буй нь байж болохгүй зүйл гэж үзэж байгаагаа тэрбээр дурдаад, энэ асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газарт зөвлөлөө. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нийслэлийн тендерт Засгийн газар оролцохгүй байгаа гэдгийг хэлээд, хэрэв Улсын Их Хурлын гишүүд шаардлагатай гэж үзэж байгаа бол уг асуудлыг Засгийн газар руу татаж, шалгая гэв. Тэрбээр, төсвийн хөрөнгөөр хийх ажлуудаа гадаадын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлдэг ямар ч улс орон байхгүй гэсэн тайлбар хийж, харин гадаадын зээл, тусламжийн төслүүдийг тухайн санхүүжилтийг олгож буй Засгийн газрын саналаар тухайн улсын аж ахуйн нэгж гүйцэтгэх нь бий гэсэн юм.

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хөгжлийн төлөвлөгөө энгийн, ойлгомжтой, хэмжигдэхүйц байх ёстойг онцолж, Улсын Их Хурал баталж байгаа хууль тогтоомж, бодлого шийдвэртээ 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнийхөө дагуу хэмжиж, нягталж байх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн тэрбээр улс орны эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдийн гар дээр бодитойгоор очих болон хүний эрхийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа том төслүүдээ санхүүжүүлж чадахгүй, гадаадаас авсан зээлээ ашиглаж чадахгүй байгаа Засгийн газарт дэмжлэг үзүүлж, улсын төсвийг алдагдалтай ч гэсэн үнэн зөвөөр баталдаг зарчимд шилжихийг санал болгож, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зарим зүйл, заалтын өөрчилж сайжруулах, жилийн төлөвлөгөөг гэхээсээ илүү төсвийн гүйцэтгэлийг нарийвчлан хэлэлцэж, зохих арга хэмжээг авдаг байх, төр бизнест оролцохгүй байх, хүн амын дундаж давхаргыг хамгийн их хадгалах хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарах зэрэг асуудлыг хөндлөө. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан төсвийн хязгаар гэх хэвшмэл ойлголтоосоо салж, гадаадын зээл, тусламжийг ашиглаж чадахгүй байгааг шийдвэрлэх, Цогтцэций-Замын үүдийн төмөр зам зэрэг Говийн бүсийн зөвлөгөөнд яригдаж, Засгийн газар дэмжсэн төсөл, арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газрын ажил удаан байгааг шүүмжлээд, залуучууд, тэр дундаа малчин залуучууд, шинэ хоршоодыг дэмжих ажлыг үргэлжлүүлэхийг санал болгов. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөө 2024 оных шиг биелэлт муутай болох вий гэж санаа зовж байгаагаа дурдаад, төсөл, арга хэмжээг үнэлэх аргачлал, журмаа тогтож, хэмжүүр, хэмжигдэхүүнээ тодорхой болгох, боловсруулалтаа сайжруулахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен орон нутгийн эмнэлгүүдийг дэмжиж, хотын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, Баян-Өлгий аймагт шинээр баригдаж байгаа оношлогооны төвийн санхүүжилтийг шийдвэрлэх, Алтай Таван богдын аялал жуулчлалын бүсэд отоглох цэг, ариун цэврийн байгууламж барих, дампуурч банкны барьцаанд тавигдсан Баруун таван аймгийн ноос угаах үйлдвэрийг сэргээх зэрэг тодорхой саналуудыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хил холболтын төмөр замын төслүүд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг Хятадын “Чайна Энержи” компаниас цааш нэвтэрч, Тяньжиний боомтоор дамжин дэлхийн зах зээлд гарах боломжгүй болгож байгаа гэж үзэж байгаагаа анхааруулж, эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдал урьд өмнөхөөс илүү дээрдээгүй ч үнэ нь өндөр болсныг болон хувийн хэвшлийг боомилохгүй ажиллахыг Засгийн газарт сануулав.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.10 дахь хэсэгт заасан улс, орон нутгийн хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлүүд, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхой байх, улс, орон нутгийн төсөвтэй уялдах зэрэг шаардлагуудыг хангасан эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 68.3 хувь нь дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)