Монгол Улс NATO-той түншлэх замын зургаа шинэчлэх шаардлага үүслээ

Admin | 2022-08-01


   2022 оны зургадугаар сарын 28-30-ны өдрүүдэд НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалт Испани улсын нийслэл Мадрид хотод болж, NATO-2030 бодлогын баримт бичгийг баталлаа. Монгол Улс–NATO-ийн түншлэл 17 жилийн баялаг уламжлалтай. 2009 оноос эхлэн Монголын цэрэг дайчид Афганистанд NATO-ийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаанд 12 жил үүрэг гүйцэтгээд 2021 онд үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан. NATO Монгол Улсыг итгэлтэй, чадамжтай түнш гэж өндрөөр үнэлдэг тул урт хугацаанд батлан хамгаалах чадавхийг нь бэхжүүлэх, цэрэг дайчдыг нь сургах олон ажил, төсөл хэрэгжүүлдэг ба 2017-2021 онд Монголд Кибер аюулгүй байдлын төв байгуулахад иж бүрэн тусламж үзүүлсэн.

 Шинэ гаргасан “NATO–2030” стратегийн үзэл баримтлалынхаа талаар 2022 оны нэгдүгээр сарын 31-нд NATO глобал түншүүддээ мэдээлэл өгч зөвлөгөөн зохион байгуулахдаа Монгол Улсыг урьж оролцуулсан. Шинэ зуунд үүсэх аюулгүй байдлын орчин, уламжлалт ба шинэ аюул заналын эсрэг NATO стратегийн чиглэлээ шинэчлэн батлахдаа Монгол Улсыг глобал түншээ гэж харж хамтын ажиллагааны хэв шинжээ тодорхойлж, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, цаашдын түншлэлийн бодлогын хүрээгээ тодорхойлох зорилготой мессэж өгсөөр байна.

 NATO-ийн хувьд ОХУ-тай өрнүүлж буй шууд бус стратегийн тэмцлийнхээ зэрэгцээ ОХУ-БНХАУ-ын болзошгүй ойртолтоос ихээхэн сэрэмжилж анхаарал хандуулж буйгаа шинэ стратегийн баримт бичигтээ (13-р зүйл) илэрхийлсэн. Монголын стратегийн түншүүд болох Япон, БНСУ ил тодоор NATO-той ойртон түншилж эхэллээ. Монголын ойрын түншүүд Австрали, Шинэ-Зеланд улсууд мөн л NATO-ийн стратегийн чиглэлтэй бодлого, үйл ажиллагаагаа уялдуулахаар боллоо. Монголын гадаад бодлогын тэргүүлэх хоёр чиглэл болох хөрш ОХУ, БНХАУ нь NATO-той шууд бус дайн, стратегийн өрсөлдөөн явуулж байна. Энэ нөхцөлд ОХУ, БНХАУ-ын яг дунд тусгаарлан орших геостратегийн түлхүүр байрлалтай Монгол Улсыг сонирхох талуудын сонирхол, эрх ашиг, тоглолт идэвхтэй өрнөж эхлэж байна. Олон улсын харилцаа, глобал аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж буй нөхцөлд Монгол Улс гадаад аюулгүй байдлын орчны нарийвчилсан судалгаа хийж цаашид Умард Атлантын Гэрээний Байгууллагатай түншлэх замын зургаа тодорхойлж өөрийн бодлого, үзэл баримтлал, хариу арга хэмжээг уялдуулж үндэсний эрх ашигтаа тохируулан шинэчлэх шаардлага үүсээд байна.

Уламжлалт бус шинэ аюул занал, сөргөлдөөний орон зай болох Кибер дайн, Гибрид дайн, Когнитив дайн, Квантын тооцооллын хөгжил, Нано-биотехнологийн хөгжил, Сансрын аюулгүй байдлын чиглэлүүдэд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх тал дээр NATO хамгийн том тусламж үзүүлэх бололцоотойг онцлон дурьдах нь зүйтэй. Монголын хувьд хоёр талт харилцаа, бүс нутаг, глобал түвшинд гээд олон талбарт тоглолт хийх том боломж нээгдэж буйг NATO-ийн Мадридын уулзалт бүрэн нээн харууллаа.

                                Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)