Зуданд нэрвэгдсэн малчлад Буриад улсаас тэжээлийн тусламж үзүүллээ

Admin | 1 Сарын өмнө


 “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж монголчууд бид ярьдаг. Байгалийн гамшгаас үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг даван туулахад Буриад улсаас манайд хандивласан хүчит тэжээлийн тусламж үнэхээр цагаа олсон дэмжлэг боллоо.  

Монголд энэ жил сүүлийн 50 гаруй жил буюу 1975 оноос хойш үзэгдээгүй их хэмжээний цас орж, дийлэнх нутагт зудын нөхцөл байдалтай байгаа. Их цасны улмаас хөрсний усны хэмжээ нэмэгдэж халиа, тошин үүсч шар усны үерийн аюул давхар нүүрлээд байна. Энэ нь цагийн байдлыг улам хүндрүүлж байна хэмээн малчид халаглаж сууна.  Буриад улсаас хандивласан нийт 8500 тонн хүчит тэжээлийн тусламжийн эхний ээлж болох 240 тонн хүчит тэжээлийг Арханхангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хувиарлан хүргэжээ. Цасан бүрхүүл тогтож, зам харгуй хаагдсан зэрэг хүндрэлийг үл харгалзан хүчит тэжээлийг татан авчээ. Улмаар зудын гамшигт нүүрлэж цасанд боогдсон малчдад онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тусгай техникийн тусламжтайгаар малчны хотонд нь хүчит тэжээл хүргэх ажил ид өрнөж байгаа юм.  Тусламжийн дараагийн ээлжийн буюу нийт 166 сая долларын өртөг бүхий цуваа тун удахгүй ОХУ-аас манай улсад ирнэ. Энэ ээлжийн тусламжийг цагийн байдал хамгийн хүнд байгаа аймгуудад хувиарлан, татан авах юм байна. 

Малчин Б.Сүхбаатар: Хандив тусламжийг нь авлаа. Маш их баярлаж байна. Цаг хүнд байхад дэм тус болж байна. Сайхан өдөр таарлаа, сайхан хүмүүстэй уулзлаа, учирлаа. Маш их баярлалаа. 

Малчин О.Батмөнх: За ойрын 10-15 хоногт цаг агаар сайжрах төлөвтэй байна.  Одоо хамгийн гол нь энэ хүнд үеийг даван туулах хэрэгтэй. Бидэнд тусалж, дэмжсэн хүнд болгонд баярлалаа. Та бүхнийхээ буянаар даван гарч чадна аа. Зовохын цагт орхиогүйд нь үнэхээр баярлаж байна.  Малчид ийнхүү баярласан сэтгэлээсээ хуваалцлаа. Тэд зуд нүүрлэсэн бэрх цагт тусалж, бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн онцгой байдлын газрын албан хаагчдад онцгойлон талархаж байгаагаа илэрхийлсэн. Харин онцгой байдлын газрын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явна хэмээн даруухан хариулаад дараагийн айл рүүгээ хөдөлсөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)