Монгол Улсын харцага Н.БАТЗАЯА Дархан аварга Г.Өсөхбаяр надаас “Би уначихсан уу” гэж асуусан

Admin | 2024-04-18


Монгол Улсын харцага Н.Батзаяатай ярилцлаа. (Өдрийн сонины архив, сэтгүүлч Д.Даваасүрэн)

-Та энэ жилийн наадмаар өнгөтэй сайхан барилдлаа. Олон жил наадмаар зодог­лож, уйгагүй бэлтгэл хийсний үр дүн гарлаа шүү дээ?

-Би олон жил зодоглож байж улсын цолонд хүрсэн. Түүнээс хойш зургаан жилийн дараа Монгол Улсын харцага гэсэн энэ эрхэм цолонд хүрлээ. Үнэхээр сайхан барилдлаа. Наадмын зүлэг ногоон дэвжээ маань намайг ивээлээ. Их баяртай байна.

-Таны энэ жилийн даваа бүрийг бөх сонирхогчид үзүүштэй, уран барилдаан харуулсан гэдэгтэй санал нийлэх байх. Ялангуяа тавын даваанд Зүүний магнайд гарсан Дархан аварга Г.Өсөхбаяртай барилдсан барилдаан багагүй шуугиан дагууллаа…

-Би барилдааны явцад нэг ард нь гарч барьц авсан. Тэр яахав, хөлийн цэцийн шийдвэрээр дахиж барилдсан. Хоёулаа зэрэг шахуу газардсан. Хүмүүс гурав дахиж барилдсан гэж яриад байгаа. Барилдааны явцад бол тийм зүйл болоогүй. Тэгээд камерын бичлэг шүүхэд би арай сүүлд газардсан гэдгээрээ давсан. Энэ жилийн хувьд МҮБХ болон Монголын телевизүүдийн холбоо хамтарч цэнгэлдэхийн эргэн тойронд камер суурилуулсан нь шинэ шийдэл болсон санагдсан. Өмнө нь бол дэвжээний хаана нь хэн унаж, хэн даваад байгааг зэрэг харах боломжгүй байсан. Үүнээс болоод бөөн маргаан гардаг байсныг үзэгчид мэдэж байгаа.

-Дархан аварга тахимаа өгөхгүй нэлээд унжиж байх шиг харагдсан. Харин наадамчин олон таны талд уухайлж байсан. Аварга тантай шивнэлдээд байсан уу?

-Аварга эхлээд барьц сонгоод барилдахдаа надаас “Би уначихсан уу” гэж асуусан. Тэгээд камерын бичлэг хүлээсэн. Хоёулаа л хэн түрүүлж унаснаа мэдээгүй. Г.Өсөхбаяр аварга жудагтай сайхан бөх. Мэдээж би аварга цолтой хүнийг хүндлэлгүй яахав. Ер нь нийт масс өндөр цолтой, бага цолтой бөх хоёрын мэдээж бага цолтойг дэмждэг шүү дээ. Намайг аваргыг даваад цаашаа илүү сайн барилдаад цол хүртээсэй гэж бодсон хэрэг.

-Г.Өсөхбаяр аваргатай өмнө нь барилдаж байв уу. Чац өндөртэй бөхийг давна гэдэг амаргүй шүү?

-Тэгэлгүй яахав. Хэцүү. Би Дархан аваргатай нэг удаа зургаагийн даваанд таарч барилдсан. Зургаан жилийн өмнө Монгол Улсын начин цолны болзлыг Мягмарсүрэн заанаар хангачихаад дараа­гийн даваандаа аваргатай таарч өвдөг шороодож байлаа. Яахав, дэвжээн дээр гарахдаа би ийм мэх хийнэ, тэгж барилдана гэж яг төлөвлөж гардаггүй шүү дээ. Өрсөлдөгч ямар мэх хийж, ямар алдаа гаргана тухайн үед тэр хийг тааруулж мэдэрч барилдах л чухал.Би тэгж л барилдсан.

-Өндөр цолтой бөхтэй таарахаараа залуу бөхчүүд биеэ бариад барилдаан гаргаж чаддаггүй талтай. Харин та зоригтой, шийдсэн барилдааныг үзүүлсэн?

-Дархан аваргатай барилдахдаа өөрийнхөө бодсоноор л барилдъя гэж гарсан. Хэрвээ давчихвал начин цолоо баталчихна. Тэгээд ч шинэ цолонд хүрэх зам гэрэлтээд ирсэн. Надад тийм боломж дахиад олдоо ч уу үгүй ч үү гэж бодоод л шуудхан дайрсан. Гэхдээ аваргаа хүндэлж барилдана шүү дээ. Тэгсний хүчинд сана­сан­даа ч хүрсэн. Санасан­даа хүрсэн болохоор сэтгэл уужраад, наадмаас хойш цэлмэг, хөл газар хүрэхгүй л явна.

-Дараагийн даваанд Намсрайжавын Батсуурь арсланг давж, харцага цолны болзол хангасан. Давчихвал шинэ цолонд хүрнэ гэж бодохоор сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг уу?

-Тэгэлгүй яахав, шинэ цол хүлээж байгаа учраас нэлээн их юм бодож байж барилдсан даа. Батсуурь сайн бөх. Шинэ цол шүргээд барьж чадалгүй уначихсан бол бас л харамсалтай шүү дээ. Ер нь төрийн наадамд зодоглож буй бөхчүүд бүгд сайн барилдах юмсан, улсын цолонд хүрэх юмсан гэж дэвжээнд зодоглодог болохоор муу өрсөлдөгч гэж байхгүй. Муу барилдаан л харин гаргадаг. Өрсөлдөгчөө нягтлах хэрэгтэй. Нэгийн даваанаас эхлээд бүгд л хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өөрийн нөөц бололцоогоо зөв хуваарилах хэрэгтэй. Миний хувьд нэгийн даваанд Архангай аймгийн залуу бөхтэй таарсан. Хоёрын даваанд Говь-Алтай аймгийн заан Д.Буянтыг давж гурвын даваанд аймгийн арслан Э.Ванданцэрэнг даваад дөрөв дээр Баянхонгорын Улсын начин Ж.Чулуунбатыг өвдөг шороодуулсан. Чулуунбат начин бол их спортоор хичээллэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөж Монголынхоо нэрийг гаргаж яваа мундаг бөх шүү дээ.

-Чөлөөт, жүдогоор барилддаг хүнтэй үндэсний бөхөөр барилдах амаргүй. Арга барилын хувьд баялаг гэдэг. Тиймээс танд бас бодсон хариу мэх байсан л байлгүй?

-Монгол Улсыг төлөөлж дэлхийн дэвжээнд зодоглодог тийм мундаг бөхтэй барилдана гэдэг нэр төрийн хэрэг. Өмнө нь хоёр удаа таарч барилдаж байсан болохоор барилдааны арга барилыг нь жаахан гадарлана. Нэг хаяж, нэг унаж байсан удаатай. Тиймээс зүүн сугадуулахгүйгээр зодоглож барилдъя гэсэн хоёрхон сонголттой л барилдсан.

-Энэ жил наадмынхаа бэлтгэлийг хаана хийсэн бэ. Ховдын бөхчүүд хоёр хуваагдаж бэлтгэлд гарсан сурагтай байсан?

-Тэгсэн. Батзориг, Амартүвшин харцага, Лхагвасүрэн начин, Цогбаяр, Мөнхбаатар начин гээд энэ сайхан бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарсан. Бид цагдаагийн байгууллагын бөхчүүд учраас “Сүүж” амралтанд очиж бэлтгэл сургуулилтаа хийсэн.

-Энэ жил цэнгэлдэхэд хиймэл зүлэг тавьсан. Хүмүүс нэлээд эсэргүүцсэн. Яг дэвжээн дээр гарч буй бөхчүүдэд хэр санагдав?

-Болдог юм байна лээ. Хамгийн гол нь хотгор гүдгэргүй тэгш талбай байх нь чухал. Бороо орсон бол харин ямар байхыг мэдэхгүй байна. Хальтарч магадгүй. Энэ жил бороогүй сайхан байлаа. Хэрвээ бороо ороод хальтраад уначихвал тэр их хөдөлмөр талаар болно гээд бодохоор харамсалтай шүү.

-Олон жилийн дараа та харцага цолны болзол хангалаа. Зарим хүн бөхчүүд нас харих тусам гаргах амжилт нь бүдгэрдэг гэж ярьдаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би хоёр хүнээс их том үлгэр дуурайл авсан. Эрхэмбаяр аваргыг начин байхаас л барилдааныг нь хардаг байсан. Мөн Ганхуяг байна. Бөхийн спортод орсон хүн бөхөд үнэнч, тууштай байж уйгагүй, тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ч миний аавын надад өгсөн хүмүүжил ч агаар нэг. Тиймээс би яг л тэдний жимээр жилийн жилд наадамд тасралтгүй зодоглож ирсэн. Мөн заал, танхимын барилдаанд ч тогтмол амжилттай барилдаж ирсэн. Ямартай ч үр дүнг нь биеэрээ мэдэрлээ. Харин энэ сайхан цолоо авч явах нь хүртэхээс илүүтэйгээр үүрэг хариуцлага ирдэг. Тиймээс цолоо хүндэлж, цолондоо эзэн болж илүү их амжилт гаргана. Ер нь цолны эрэмбэ бөхчүүдэд хамгийн агуу хичээл, сургамж болж өгдөг.

-Таныг ажиглаад байхад тогтуун хүн юм аа. Таныг П.Сүхбат агсантай адил унасан ч давсан ч инээгээд л явж байдаг бөх гэдэг юм билээ. Аавын өсгөсөн хүмүүжил байна уу?

-Таны хэлсэнтэй адилхан үгийг зөндөө сонсч байсан. Уначихаад уйлалтай биш дээ. Инээгээд явж байх чинь ер нь их сайхан шүү дээ. (инээв) Би ер нь их тайван хүн шиг байгаа юм. Аав минь тийм хүн л дээ. Бас их зарчимч хүн.

-Аавыгаа, гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай хоёр хөгшин хоёулаа Ховдын Булган сумын уугуул. Ховд аймгийн Чандмань суманд аав маань 1979 онд нэгдлийн ерөнхий нягтлан болж очоод олон жил ажилласан. Ширнэнгийн Нямаа гэж хүн бий. Одоо Чандмань сумын Тамгын газрын дарга. Миний ээжийг Чойжилын Нацагсүрэн гэдэг. Аав маань надад хөрөнгө мөнгө, сайхан мэргэжлээс илүүтэйгээр энэ амьдралдаа хүн шиг хүн явахыг захидаг. Хүн заримдаа амьдралаас өөрийгөө ч олж харахгүй үе бий гэж аав минь ярьдаг. Тиймээс аавынхаа захиасыг алхам бүртээ бодож амьдралд хэрэгжүүлэхийг хичээж байна даа.

-Хүүхэд байхдаа ааваасаа болж сумын наадамд олон барилдсан гэсэн?

-Тийм ээ. Аав дарга, сумын захиргаанд ажилладаг болохоор наадмаар бөхийн тоо гүйцэхгүй, юм л бол намайг “Миний хүү барилд” гэдэг байсан. Би ч яахав гараад л ах нартай барилдаж нэгийн даваанд уначихна. Хүний тоо нөхөх маягтай. Би сумын наадамд 11 удаа гарч байсан. Аав ажил ихтэй завгүй байдаг болохоор сүүлдээ ахыгаа дагаад л наадам хэснэ. Барилдана. 16 насандаа анх Ховдын Зэгс сумын наадмаар сумын начин болж байсан. 18 насандаа Чандмань сумын заан болж байсан юм даг.

-Та эхээс хэдүүлээ юм бэ. Танай удамд өөр барилддаг хүн бий юу?

-Би тавуулаа. Айлын хоёр дахь хүү. Гурван дүүтэй. Надаас өөр хүн байхгүй. Харин ээжийн талд олимпийн мөнгөн медальт Буядаа гуай байна. Аавын талд бол ноёны бөх байсан гэж ярьдаг.

-Гэргийгээ танилцуу­лаач. Энэ сайхан амжилтын ард мэдээж хүний хань ижил байдаг. Дурсахгүй байхын аргагүй болов уу?

-Тэгэлгүй яахав. Бөх хүний амжилтад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол ар гэрийнхэн. Бөх хүн бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага шүү дээ. Манай эхнэрийг Ширэндэвийн Энхжаргал гэдэг. Ховдын Чандмань сумынх, хуульч мэргэжилтэй. Одоо Хууль зүйн яаманд ажилладаг. Манайх хоёр хүүхэдтэй. Том нь Элбэгбаяр 84 дүгээр сургуульд сурдаг одоо хоёрдугаар анги. Бага нь Дүүрэнжаргал гээд дөрвөн настай охин бий. Миний хань өнөөдөр намайг өдий зэрэгтэй явах гол тулгуур болж ирсэн мундаг эмэгтэй. Тиймээс танай сониноор дамжуулаад эхнэртээ хайртай шүү гээд баярлаж явдгаа хэлье. Эрчүүд бид чинь ямар өдөр болгон сэтгэлээ илэрхийлээд байх биш. Түүнчлэн Цагдаа­гийн ерөнхий газар, “Од” груп­пийн хамт олондоо болон нийт монголчууддаа баярлалаа.

-Цол нэмсэн гэсэн. Одоо Цагдаагийн албанд ямар алба хашиж байна вэ?

-2006 онд Цагдаагийн дотоодын цэрэгт анх орсон. Одоо есөн жил болсон байна. 2006 онд ахлах цолтой байсан. 2008 онд офицер болоод 2009 онд ахмад цолтой болсон. Харин сая энэхүү хөдөлмөрийг минь үнэлж ЦЕГ-аас хошууч цолоор шагнаж мөрийг минь мялаалаа. ЦЕГ амжилт гарга­хад минь хамгийн их нөмөр нөөлөг болдог газар. Цагдаа бол их хариуцлагатай, дэг журамтай болохоор миний арга барилд, бэлтгэлд их нөлөөлдөг гэж боддог.

-Та их спортоор хэр хичээллэдэг вэ?

-Чөлөөт бөхөөр их хичээлэдэг, 2002 оноос хойш хичээллэж эхлэсэн. Спорт бол Үндэсний бөхтэй минь салшгүй холбоотой. Бас воллейбол, сагс их сонирхдог. Ямар сайндаа эхнэртээ гараад машинаа тавьчихаад ирье гэж хэлээд Спортын төв ордон ороод лиг үзээд суучихна шүү дээ (инээв).

-Нээрээ бөхчүүд наадмаараа хэр баярладаг бол?

-Бөхчүүд баярлах нь ховор. Бид барилдаж дуусаад л наадам дуусдаг шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)