Н.ТЭМҮҮЛЭН: Зээлдэгчдийн хөрөнгийг хурааж эхэлсэн. Мөн 8.5 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлээд байна

Admin | 2022-02-09


Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байна. Хэргийн шалгаж эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Мөн шалгалтын явцад хуулийн дагуу захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тавьсан байна. Тухайлбал,

  • Үл хөдлөх хөрөнгө 186,
  • Тээврийн хэрэгсэл 124,
  • Үйлдвэрийн барилга 1,
  • Лиценз 1,
  • Данс 13-ыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлажээ.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Иргэдэд хандаж нэг зүйлийг анхааруулмаар байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байхыг анхааруулж байна.

Жишээ нь, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм.

Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг 

  • хуулийн дагуу олгосон эсэх, 
  • зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх,
  • хахууль авсан эсэх, 
  • улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.

Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд,

  • Зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх
  • Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох,
  • Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)