Жүжигчин М.ЦЭРЭНДОЛГОР: Багийнхан маань зураг авалт эхлэх өдрөөс л надтай яг Хотол цагаан гүнж мэт хүндэтгэн хайрлаж ирсэн

Admin | 2021-12-08


Саяхан “Шүүдэр” продакшны бүтээл “Хотулун гүнж” тулаант уран сайхны кино нээлтээ хийсэн билээ. Тус киноны гол дүр болох Хотулун гүнжид жүжигчин М.Цэрэндолгор тоглосон бол дурлалт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээсэн байна. Мөн уг кинонд МУГЖ жүжигчин А.Цэгмэд, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид  жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тоглосон байна.

Ингээд нээлтийн үеэр гол дүрийн эмэгтэй жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Таны гол дүрд тоглосон “Хотулун гүнж” кино нээлтээ хийлээ. Анх дүр авч байх үеийн мэдрэмж,  үр дүнгээ үзэгчидтэйгээ хуваалцах мөчийн мэдрэмж хэр ялгаатай байна?

-Анх Хотулун гүнж түүхэн дүр гэдэг утгаараа хүнд санагдсан. Тиймээс дотроо бол нэлээд сүрдэж, их сандралтай байсан. Харин өнөөдөр кино багийнхан, уран бүтээлчдийнхээ дэмжлэгээр энэ том уран бүтээлийнхээ ард гарсандаа баяртай байна.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Жилийн хугацаанд дөрвөн улирал дамнан хийгдсэн. Нэлээд өргөн хүрээтэй зураг авалт болсон. Тиймээс үзэгчдийн зүгээс ч их хүлээлттэй байсан нь анзаарагдлаа.

-Таны хувьд кино зураг авалтад орох үедээ амаржаад удаагүй байсан. Шантрах ч юм уу, амаргүй санагдах үе гарч байв уу?

-Анх кино шалгаруулалтанд орох санал ирэхэд л охин минь гурван сартай байсан. Шалгаруулалтад орохдоо л охиндоо  “Ээж нь гучхан минут болоод ирнэ ээ” гээд үлдээгээд гэрээсээ гараад бүтэн хоёр цаг үргэлжилсэн шалгаруулалтыг давсан байдаг.(инээв)

-Тэгвэл шалгаруулалт нэлээд хатуу явагджээ...?

-Тэгэлгүй яахав. Жүжигчний ур чадвараас гадна дүрийн судалгаа, тулааны эрдэм, техник гээд олон сорил шалгаруулалтын үеэр явагдсан. Одоо ингээд бодоход энэ том уран бүтээлийн ард гарахад хамгийн их дэмжлэг болсон нь мэдээж миний гэр бүл. Тэр дундаа бүтээл жил дамнан хийгдсэн энэ бүх хугацаанд ээжийгээ дэмжсэн надаас илүү миний баатарлаг гүнж байлаа. Одоо охин маань ой найман сартай. Мөн ханийн минь гэр бүл, ойр дотнынхоо хүмүүст бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Түүнчлэн нийт уран бүтээлчид маань  кино зураг авалт эхлэх өдрөөс надтай яг л Хотол цагаан гүнж мэт хүндэтгэн, хайрлан, дэмжин ажиллаж байсанд маш их талархаж байна. Их гоё, гэхдээ сүрдэм мэдрэмж төрдөг юм билээ.

 -Тулааны үзэгдлээс эхлээд ер нь жүжигчний хувьд хэр өгөөж туршлага хуримтлуулав?

-Ингээд бодоход ур чавдарын хувьд багагүй шандас сорьсон уран бүтээл байлаа. Зохиолч, продюсер Шүүдэрцэцэг эгчийн энэхүү бүтээлд шалгарч орсон минь уран бүтээлийн гараанд маань маш том хувь нэмэр оруулж өгсөн гэж үзэж байна. Үзэгчид маань киногоо үзээд өөрсдийн дүгнэлтээ мөн хийх байх аа, баярлалаа.

 

Ц.ГАНЧИМЭГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)