ХАБААНЫ БАЙЫТ: Уулын хүмүүс уулсын хуулиар амьдардаг

Admin | 2023-09-11


Эгэл амьдралд олон сайн зүйл бий. Тэр бүхний нандин зүйлийг олж харна гэдэг аз жаргал юм. Сэтгэлийнхээ ертөнцөд нэгэн гоо сайхныг цэцэглүүлж, түүндээ буйдхан суудаг хүн бол яруу найрагч Хабааны Байыт. Түүнтэй хэсэгхэн хором амьдралын түүхийг нь хуучилснаа хүргэе.

-Хоёулаа таны хүүхэд ахуй насны дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Би Алтайн уулсын дунд, жинхэнэ нүүдэлчний ёсоор хөх бууцан дээр төрж, тарган хонины сүүлний өөх хөхөж, амласан малчин хүний хүүхэд. Орчлонд хүн болж төрж, шороон дээр унана гэдэг их хувь тавилан гэж боддог. Эндээс унасан газар угаасан ус гэдэг ойлголт бий болдог байх гэлтэй. Гэрт төрж, малчны амьдралаар амьдарсан хүүхдийн ертөнцийг үзэх үзэл, соёл хүмүүжил, сэтгэлгээний онцлог өөр байдаг болов уу. Хэл яриа, эргэн тойронтойгоо харьцах харьцаа хүртэл арай өөр байдаг. Ер нь нүүдэлчдийн амьдрал өөрөө тэр чигээрээ соёл хүмүүжил болохыг дэлхий ойлгосон шүү дээ. Тиймээс би өөрийнхөө энэ онцлогоор бахархдаг. Арван нас хүртлээ сургуульд орохгүй тэр өндөр уулсын дунд хөл нүцгэн хонь хурга эргүүлж, эмнэг даага сургаж, тарвага, зурманд урхи, хавх тавьж, үхэр сүүлдэн гүйж, чулуун тоглоомоор тоглож, өвгөд хөгшдийн үлгэр домгийг нь сонсож өнгөрүүлсэн нялх багын дурсамжууд минь сайхан. Сумын сургуульд сурч , дотуур байранд амьдарч, аав ээжээс хол өлсөж цангаж, бөөстөж, өөртэйгөө адилхан малчдын хүүхдүүдтэй хамт амьдарч байлаа. Зарим үед зодуулж, зодож, талх боорцгоо хулгайд алдаж, бас булаалгаж явж. Багш нарт загнуулж донгодуулж, охидод захиа бичиж, захиагаа уруулж гомдож, бас хариу авч баярлаж явлаа. Багш нарын хурлаар орж “хэрэгтэн” нэр зүүж явсаар арай гэж наймдугаар анги төгссөн.

-Уулсын дундах хүүхэд нас нүдний өмнүүр кино ший шиг өнгөрлөө. Уулсын тухай яриач. Ер нь байгаль дэлхийтэй хэрхэн уялдаа холбоотой байдаг вэ?

-Эх орны минь дээвэр болсон Алтай таван богд буюу Алтай нурууны салбар уулс бүгд мөнх цастай уулс. Бараг саахалтын зайд өвөл зун хоёр хамт оршдог. Дорно зүгийн зун шиг халуун зун тэнд болдоггүй. Уулын оройд шахуу амьдарна, уул өгсөж мал хариулна. Нэг уулын оройд гарахад цаана дахиад өндөр уул харагдана. Тэнд хүн өөрийн хүссэнээр амьдрах боломжгүй, тэр уулсын хуулиар аж төрнө. Өөрөөр хэлбэл уулын араншинг дэндүү сайн мэдэхгүй бол хэцүү. Тэндэхийн хүмүүс уулын салхины жаахан буруу сэвэхийг ч андахгүй. Нар, сар, од эрхэс гаригийн байрлал, мал, ан амьтан, жигүүртэн шувуудын хөдөлгөөн болгоныг ажиж цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэж амьдралаа зохицуулна. Тиймээс уулын хүний бие бялдар болоод сэтгэл зүй, ааш авир нь уулсын араншинтай адилхан. Тэд за гэвэл за, үгүй гэвэл үгүй. Тэнд зөвхөн «БИ» гэдэг үзлээр хол явахгүй.

-Алдарт бүргэдийн тухай асуухгүй бол алдас болох байх. Таныг бүргэдчин удмын хүн гэж тодорхойлж болох уу. Ер нь танай удам угсааны онцлог?

-Бүргэдчин гэж удам байхгүй. Бүргэд бол нүүдэлчин Казах түмний нэг үеийн амьдрах нөхцөл нэгэн хэрэгсэл байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл бүргэдээр ан бариулж тэр ангийн махаар хоол хийж, арьс, үсээр нь хувцас хийдэг байсан. Жигүүртэн шувуудын доторх хамгийн хүчирхэг, хамгийн өндөрт нисэж чаддаг тэнгэрийн эзэн болсон тэр гайхамшигт эрэлхэг амьтан эр хүний хийморь сүлд. Тэнгэрийн цэнхэрлэгээс газарт байгаа ан авыг алганд байгаа юм шиг харж тэр өндөрлөгөөс хуйлран шуугиж ирээд ямар ч хүчтэй амьтныг өөрийн эрхшээлдээ оруулан авч нисдэг аугаа тамир тэнхээ, зориг зүрх, мохошгүй дайчин чанар зөвхөн бүргэдэд бий. Даан ч одоо аянчин, бадарчинд үзүүлэх үзүүлэн, хүүхэд, авгай хүүхний зугаа тоглоом шахуу болж дээ хөөрхий. Харин манай удам угсаа гэвэл алдарт Хэрэйд шүү дээ хө.

-Аав, ээжээс илүү эрхэм сайхан зүйл гэж юу байх билээ. Тэднийхээ тухай яриач?

-Аав ээж хоёр Алтайн уулсын бэлд төрж өсөж, насаараа тэнд амьдарсан жирийн малчид. Арван хүүхдийн эцэг эх. Аав маань илүү дутуу зангүй ном их уншдаг, Өөрөө туульс хайлдаг хүн байлаа. Тэр үед малчин хүний сарын цалин далан төгрөг байсан. Далан килограммын хоёрдугаар гурилын үнэ далан төгрөг. Аав ээжтэйгээ нийлсэн арван хоёр хүн сард хоёрдугаар гурил хоёр шуудайг иддэг байлаа. Ингээд бодохоор аав ээж хоёрын сарын цалин ердөө хоёр шуудай гурилаар хүргэдэг байж. Хэдэн малын буянаар болж байсан байх. Гэхдээ манайх ядуу айл байгаагүй. Аав маань бүдүүн нарийн ширхэгтэй хар, бор хилэн бас өнгө өнгийн даалимба авч ирдэг, ээж маань сурагчийн формоос авахуулаад бүх хувцас, цүнх хүртэл өөрөө оёж өгнө. Чамд муу юм хийсэн хүнд сайн юм хий гэж, хоёр боорцог байвал нэгийг нь хүнд өг гэж, хүнийг битгий ялга , худал хэлж, хулгай хийж болохгүй гэж сургадаг. Эдээр гачигдсан ч эрдмээр бүү гачигд. Хөлгүй хүний хажуугаар гүйж бүү өнгөр. Явган хүний хажуугаар морьтой битгий давхи. Морьтой хүнтэй морьтой очиж, явган хүнтэй явган очиж уулзаж бай. Суугаа хүнтэй сууж, зогсож байгаа хүнтэй зогсож ярь гэж их захьдаг байсан юм. Мөн өөрөөсөө ах хүнтэй мэхийн мэндэл, эмэгтэй хүнтэй чанга битгий дуугар, зочин ирвэл угтан авч морийг нь уяж, явахад нь олмыг нь чангалж мордуул гэж. Үнээ малын төлөө үг сөрж болохгүй, үндэс угсаа, өргөн олныхоо төлөө үхтлээ алалц, эдийн төлөө хүнтэй хэзээ ч бүү муудаж бай гэж сургадаг байв. Өөрсдөө ямар ч хүнтэй хэрүүл, хийдэггүй, “хэдэн халтар хүүхдүүд минь эсэн мэнд байвал болох нь тэр” гэж ярьдаг хүмүүс. Ер нь илүү юманд шунадаггүй, ямар ч үед амар тайван байж чаддаг, сэтгэл амгалан хүмүүс. Тиймээс аав маань наян зургаа хүрч өнгөрсөн, ээж маань одоо сайхан насалж байгаа. Тэр сайхан хүмүүсийн ач буянаар хэдэн хүүхдүүд бид сайхан амьдарч явна.

-Ээждээ өгсөн анхны бэлэг тань юу вэ. Ээжтэйгээ илүү олон дурсамж бий байх?

-За даа, ээждээ өгсөн бэлэг ч гэж. Очих болгонд ёс болгож авч очдог дээлний өнгө, чихэр жимс. Өөр юмгүй шив дээ. Үнэтэй бэлэг өгсөн ч ээжийн ач буяны хажууд юу болохов дээ. Миний өгсөн бэлгээс илүү жилд нэг удаа очиж үнэсүүлэхэд ээж минь их баярладаг. Ташрамд хэлэхэд би дээр үед баахан энэтхэг кино үзсэний нөлөө байсан уу нэг очиходоо ээжийнхээ хөлд нь сөгдөж адис авсан. Тэгэхэд ээж маань ихэд сэжиглэж: “Хүү минь надад хайртайг чинь би мэднэ. Гэхдээ миний хүү, эмэгтэй хүний хөлд сөгдөнө гэдэг байж болохгүй зүйл, Үүнээс хойш ингэж болохгүй шүү” гэж хэлснийг би ер мартдаггүй юм. Эх хүн хүүхдүүдээ их санадаг юм шиг байгаа юм. Очих бүрд ээж маань уйлдаг, харин намайг уйлахыг зөвшөөрдөггүй. Одоо би өтөлж байна, ач нараа тойруулсан өвөө болсон. Гэвч ээж маань намайг үргэж нялхаар минь төсөөлдөг. Хэдэн жилийн өмнө би нутгаасаа очиж бэр буулгаад явсан. Тэгэхэд ээж маань шинэ бууж байгаа бэрийг минь биднээс тусгаарлаж байгаад: “За хүү минь, хадам аав чинь тунчиг болчимгүй хүүхэд байгаа юм. Юмны учир начир мэдэхгүй. Одоо хүртэл гал усанд орчих гээд хэцүү хүн. Ээдээ хүү минь сайн хардаг юм шүү” гэж захисан байдаг. Ээж маань ийм л хүн. Би ч бас азтай эр шүү.

-Хайрын тухай, цаашлаад ханийнхаа тухай яривал?

-Хайрын тухай шүлэг олныг бичсэн, одоо ч бичсээр байгаа. Уулзалт ярилцлага гээд явж байхад миний үеийн болоод оюутан залуучууд их гайхсан маягтай “Та одоо дурладаг гэж үү“ хэмээн асууж байдаг. Хайр залуу насны зүйл гэж боддог юм шиг байгаа юм. Хүн хайралцахгүйгээр, дурлахгүйгээр амьдарна гэвэл худлаа.

Алив нэг зүйлд хайртай дуртай байж амьд явна. Үгүй бол энэ амьдралд юунд хорогдох юм бэ. Тэгээд ч хайр гэдэг чинь ор дэрний асуудал огтоос биш шүү. Миний тавин насанд, жар, далан насанд бичсэн хайрын тухай шүлгүүдийг минь хэдэн насанд хэн бичсэнийг үл анзааран маргаашийн залуучууд өөрийн юм шиг уншина, цээжилж сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Зовлон зүдүүрээр дүүрэн энэ амьдралыг хайрын нүдээр харж хайрлаж дурлана. Шүлэг бичихийн гайхамшиг ердөө энэ. Харин ханийн тухай гэвэл бид хоёр нэг нутгийн, нэг ангийн хүүхдүүд. Олон юм яриад яахав дээ, миний хань бол надад байж болох хамгийн дээд тавилан юм даа.

-Уран бүтээлийн зам руу хэрхэн орж ирэв. Энэ их айлд таныг тосож авсан ачтан байгаа даа?

-Манай аавын нөлөө их байсан. Аавыгаа дуриаж хар багаасаа ном их уншдаг хүүхэд байлаа. Ингэж уран зохиолын ном уншсаар яваад их мөрөөдөмтгий болчихсон. Эцэс төгсгөлгүй их мөрөөдлийн үр шим яруу найраг, зохиол болж асгарсан хэрэг. Сурагч наснаас эхэлж бичсээр байгаад сүүлдээ хаа бол хаа бичдэг болов. 1997 онд гучин настайдаа анхны номоо хэвлүүлсэн. Харин 2001 онд Дамбын Төрбат ахын гарын үсэгтэй 528 батлахыг авч МЗЭ-д элсэж байлаа. Түүнээс хойш өдий хүртэл хирэндээ тасралтгүй бичиж байна. Залуу, омголон ч явлаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ухаан суугаагүй гэнэн байсан гэсэн үг. Тиймээс ч анх би:

Алтайн уулсын оройд төрсөн би нам доор сэтгэх эрхгүй

Үлэмжийн энэ хорвоод

Үргэлж өндөрт тэмүүлнэ

Үхтлээ зүтгэнэ

Үхлээсээ урьтаж

Үснийхээ тоогоор үг хэлж,

Насныхаа тоогоор ном бичнэ хэмээн аархаж байлаа. Энэ аархал яруу найрагчийн залуу насанд хэрэгтэй байх. Одоо бодохоор гэнэн санагддаг.

-Нэгэн үе яруу найрагчдыг олон түмэн дарсгүйгээр төсөөлж чадахаа больчихсон байсан. Өөрөө бор дарсыг юу гэж боддог вэ?

-Ээ хөөрхий, тэр ундааг хүн хүнээс дутуугүй хүртсэн. Бас шидтэй золиг шүү. Хөдөөгийн Эрдэнэбаатар, Арлааны Эрдэнэ-Очир, Дархад Мягаа, Цогдоржийн Бавуудорж, Намсрайжавын Батжаргал гээд үеийнхэн болоод ах нартайгаа нийлж савсан даа савсан. Миний нийлж архи сөгнөөгүй, манайд ирээгүй найрагч гэж байхгүй. Би насан турш хүнд үйлдвэрт ажилласан хүн. Нас залуу цус шингэн байж. Түүгээрээ ч бас бахархаж: “Би бол архийг уусан шиг ууж, яруу найрагч хүн ингэж уух ёстой” гэх мэтээр солиордог байсан. Гэвч архи ямар ч нөхцөлд сайн юм авч ирдэггүй эд. Хүн илүү дутуу зангүй архи ууж, номхон дөлгөөн байсан ч гэсэн гэр бүл битүүхэн айдас хүйдэстэй амьдардаг. Ядаж чамайг хэн нэгэнтээ хэрэлдэж зодолдох болов уу, хаа нэгтээ унаж бэртэх болов уу, доор хаяж эрүүлжүүлэхэд баригдчих болов уу гээд байнга санаа зовоостой. Энэ бүхэн эргэн тойронд мөнхийн дарамт болдог юм билээ. Миний архи ууж явааг минь байнга сонсож санаа зовж байсан аав маань нэг өдөр утастаж “За хүү минь, ээж бид хоёр чинь өдөр шөнөгүй чамайг бодож унтах нойр, идэх хоолоо мартлаа. Ер нь чамайг бодсоор нэг өдөр үхэх юм шиг байна. Чи эсвэл та нар надад хэрэггүй үхвэл үх гэж хэл, эсвэл наад архиа боль” гэж хэлсэн. Аавынхаа энэ үгийг сонсож би нойрноосоо сэрэх шиг болсон. Би ер нь хэн болчихоод юу гийгүүлчхээд аав ээжийгээ ийм байдалд оруулдаг билээ гэж бодсон. Ингээд “Чингис” архинаас хоёрыг авч ирээд авгай хүүхдийнхээ хажууд суугаад аав руугаа залгаж “За ааваа би өнөөдрөөс эхэлж энэ архийг бүр мөсөн болино” гэж хэлсэн. Аав ээж, эхнэр хүүхдүүд минь баярлахын дээдээр баярласан. Тэгээд архины шилэн дэхь Чингисийн зураг руу харж байгаад “За их хаантан минь хоёулаа мөн ч их нөхөрлөсөн. Би таныг их зовоолоо, та ч бас намайг дураар минь их тавьсан. Одоо ч хагацъя да” гэж хэлээд хоёр шил архийг ёстой гав ганцаараа жаргаж хүртсэн. Тэгээд дахиж амсаагүй. Аав ээж маань миний архинаас гарсанд үнэхээр баярласан. Түүнээс хойш архи уухгүй байхын жаргалыг эдэлсэн хүн шүү дээ.

-Сайхан, энэ бол асар их тэвчээр ухаан. Аав ээж баяр­лахаас яахав, үүнээс илүү аз жаргал гэж юу байхав тэр хоёрт. Одоо уран бүтээл рүүгээ орох уу. Таны бүтээлийн шинж чанарын онцлог гэж байгаа. Өөрөө ер нь өөртөө ямар дүн тавьдаг хүн бэ?

-Би энгийн бөгөөд ойлгомжтой бичдэг. Илүү чамин үг бараг хэрэглэдэггүй. Жаахан хүүхэд уншсан ч ойлгоно. Дээр нь хэл найруулгын хувьд хөдөөлөг, үндэсний хэв маяг хадгалсан, нүүдэлчин сэтгэлгээтэй. Энэ миний онцлог байж магад. Өөр онцгойроод байх юмгүй. Нуулгүй хэлэхэд маш тааруухан мөртлөө өөрийгөө дэндүү ихээр бодож явдаг бичээч нар зөндөө байдаг. Хэдэн боть ном бичсэн мөртлөө дөрвөн мөр шүлэггүй найрагчид бий. Тэглээ гээд хоргүй шүү дээ, бичиж л байг. Харин би шинэ шүлэг бичих болгондоо, шинэ бүтээл хийх болгондоо ганцаараа сууж “Би ер нь хэр найрагч вэ гэж ухамсартайгаар боддог. Онц биш ч гэлээ өөртөө муу дүн тавьдаггүй. Тиймээс бичиж байна, хэзээ нэгэн цагт муу дүн тавигдвал тэр өдөр шууд болино гэж бодож” байгаа.

-Ийм нэг асуулт байна. Эр хүний нөхөрлөл юунд оршдог вэ. Чамгүй сайн, чанартай эр гэж найрагчид өөрийг тань тодорхойлдог. Шууд хэлбэл хүний чөмөг дундарсан энэ цаг үед ховор найз гэж ярьдаг. Хэр үнэн бол. Хүн чанар, хүний мөс гэж ер нь юу вэ?

-Аав ээжээс суулгаж өгсөн хамгийн гол чанар маань нэг зангаараа байх. Би эрэгтэй, эмэгтэй, баян, хоосон, дарга цэрэг, том бага гэж ялгалгүйгээр олон хүнтэй найзалсан. Хэн ч байсан байдгаараа байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд бөхөлзөж гүйхгүй, хэн нэгнийг үл тоомсорлохгүй. Хэлэх үгээ араас нь биш бодсон санаснаараа шууд нүүрийг нь харж байгаад хэлдэг зантай хүн . Гэвч тэр олон найзуудын минь заримыг нь эд баялаг аваад явчихсан. Заримыг нь албан тушаал, заримыг нь архи дарс хүүхэн, заримыг нь үхэл аваад явчихсан. Нас ахих тусам тэд улам цөөрсөөр л байна. Яваандаа “ганцаардал гэдэг найз”-тай үлдэх шинжтэй. Мөн миний тухай олон хүн муу ярьдаг. Харин цөөхөн хүмүүс магтдаг . Бодвол миний ямар нэг юм таалагдсан байх. Хүн өөрт таалагдсан хүндэлдэг хүмүүсээ, улаан цайм магтаж чаддаггүй. Харин би дотроо хайрладаг. Сайн яваа цагт холоос биширч, ядарсан цагт хажууд нь байж туслахыг боддог. Одоо цагт хүн хүндээ итгэх итгэл байхгүй болсон. Хэн нэгэн сайн үйл хийж байвал энэ нөхөр ямар эрх ашгийн үүднээс ингэж байна гэж заавал эсрэг талыг нь хайдаг болсон. Ер нь цаг өөр болчихсон. Нэг үе аминаас үнэтэйд тооцогддог байсан үнэт зүйлс ямар ч үнэгүй болсон цаг. Маргааш сайхан цаг ирнэ, хүн чанартай залуучууд өсөж өндийнө гэдэгт би итгэдэг.

-Гэзэг үсний тухай яриач. Хэдийнээс үсээ ургуулав. Бас нэг үеийн яруу найрагчдын өнгийг дагачихав уу. Зүгээр өөрийн тань шинэ төрх үү?

-Дөчин таван нас хүрээд аав дээр очиж сахал, үс тавих зөвшөөрөл аваад ургуулсан. Энэ үс өөрт маань их таалагдсан. Хэсэг хугацаанд тандаж үзсэн. Хот газар байранд амьдарч байгаа болохоор өдөр болгон угааж цэвэрлэж, арчлах боломжтой байсан учир, ургуулсаар байгаа. Түүнээс урт үстэй байх тийм амар эд биш. Эдийн засгийн хувьд шүү. (инээв) Хир үнэртүүлсэн үстэй явж үнэхээр болохгүй.

-Анхны номоо хэрхэн өлгийдөж авч байв. Ер нь хэр олон номыг уншигчдын сэтгэл, алганд хүргэв?

-1997 онд анхны шүлгийн номоо хэвлүүлсэн. Түүнээс хойш том бага гучаад ном хийсэн байх шүү. Гурван зуу, таван зуу, нэг мянга, таван мянга, арван мянган ширхэгээр хэвлүүлсэн. Би өөрийн гэсэн уншигчтай найрагч. Тэгсгээд дуусчихдаг. Харин Казахстан улсад хоёр ч боть ном маань улсын зардлаар олон тоогоор хэвлэгдэж тараагдсан. Сурах бичгүүдэд орсон, за гадаадын хэд хэдэн улсын хэлэнд орчуулагдаж хэвлэгдсэн. Болно болно, дажгүй шүү.

-Уран бүтээлчийн зовлон жаргалаас?

-Надад жаргал нь илүү санагддаг. Учир юу гэвэл бичмээр санагдвал бичнэ, бичмээргүй байвал бичихгүй. Бичвэл бичсэний жаргалыг эдэлнэ. Сайхан. Харин зовлон гэвэл гэр бүл үр хүүхдэдээ зав гаргах тал дээр жаахан махруухан байдаг. Эхнэрээ эрхлүүлж, үр хүүхдээ тоглуулах цагаа уран бүтээлдээ зарцуулж орхидог. Эхнэртээ алтан бөгж авч өгөх мөнгөөрөө ном хэвлүүлчихдэг. Бусдаар бол гайгүй шүү.

-Таныхаар сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх үү?

-Төрөлхийн авьяастай, дээр нь эрэл хайгуул ихтэй. Эрж хайснаа олж чаддаг, олсноо уран бүтээлдээ ашиглаж чаддаг. Тэгж бүтээсэн бүтээл нь олон түмэнд тустай. Тэгээд өөрийнхээ үнэ цэнийг үнэнээсээ мэддэг. Минийхээр тэр уран бүтээлч л сайн уран бүтээлч гэж хэлнэ.

-Орчуулгын талаар, ер нь Монголын яруу найраг олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгддөг бол?

-Ганц монгол биш, ер нь ямар ч улс орны уран зохиолыг нөгөө ертөнцөд хүргэдэг, хүлээн зөвшөөрүүлдэг юм бол орчуулга. Хөгжилтэй орнууд авьяастай хүмүүсийг мэргэжлийн орчуулагч болгон тусгайлан бэлддэг. Бүхэл бүтэн орчуулгын академи байгуулж баг бүрэлдэхүүнээрээ том том ажил хийдэг. Ийм орчуулга хүмүүст хүрдэг. Хэрэв сайн сонголт хийж, сайн орчуулга хийж чадвал монгол яруу найргийг дэлхийд гаргаж хүлээн зөвшөөрүүлж болно. Даанч манайд тийм зохион байгуулалттай ажил хийгдэхгүй байна. Ер нь орчуулга бас төвөгтэй хөдөлмөр.

-Таны хамгийн их эмзэглэж явдаг зүйл?

-Нас ахих тусам юм юманд санаа зовдог. Орчин үеийн хүмүүсийн нэг нэгэндээ хандах хандлага, нөгөө хүний мөсгүй байдал, зөвхөн “БИ” гэсэн дэндүү өөрийгөө бодсон арчаагүй зан, маргаашаа боддоггүй одоо цагийн ихэрхэл, төр түмнээ юман чинээ боддоггүй тэнэглэл гээд их юм байна. Гэхдээ энэ олон түмний заяа эрх биш хаяагүй байлгүй гэж өөрийгөө тайвшруулах юм.

-Та тамгатай яруу найрагч. Тиймээс эх орон гэдэг зүйлийг юу гэж боддог вэ.Үнэ цэнэ нь яг хаана, юунд оршдог уу?

-Эх орон гэдэг чинь эрх чөлөө. Хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй эд. Айж ичих юмгүй биеийн болоод сэтгэл санааны амар амгалан байдал. Өнөөдөртөө болоод маргаашийн ирээдүйдээ санаа зовохгүй байх тийм сайхан орчин. Тэгвэл тэр сайхан диваажин хаана байдаг вэ. Энэ өөр хаана ч биш зөвхөн өөрийн эх оронд байдаг. Улс эх оронд минь бүтэх бүтэхгүй зөндөө юм болж байна, эдийн засгийн хувьд ядуу зүдүү байна. Хөгжил дорой байна гэдэг ч юм уу янз бүрийн таагүй юм болж байна. Гэвч бид өөрийн гэсэн сайхан эх оронтой хүмүүс. Ямар ч нөхцөлд үүгээрээ бид бахархах ёстой. Өнөөдөр болохгүй байгаа юм маргааш сайхан болно.

В.Нэргүй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)