Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН өөртөө өгсөн сүүлчийн боломж ЖАГСААЛ

Admin | 2022-04-13


 Үнийн өсөлтийн эсрэг бухимдсан залуус түүхэндээ анх удаа өргөн хүрээтэй жагсаал хийж төрөөс шаардлага нэхэв. Уг үйл явдлын уур амьсгал одоо ч дарагдаагүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад амласан амлалтаа биелүүлэхийн тулд чарлахын наагуур яваа нь мэдээж.

Залуусын шаардлага хэдий хэдхэн тоонд багтах авч биелүүлэхэд өргөс авахтай адил зүйл биш. Үнийн өсөлтийг өнөөдөр хуралдаад маргааш буулгачих ажил бүр биш. Тэгээд ч өмнө нь хийж чадаагүй ажлаа өнөөдөр яг хийе гээд амлаж байгааг санах хэрэгтэй.  

Гэвч хэрхэн ухаан сийлж ур чадвараа гаргаж хэтийн арга хэмжээ авах нь Ерөнхий сайдаас л шалтгаална. Гэвч “Би ганцаардаад байна”, “Хүч хүрэхгүй байна” гэж юм л болвол гоншигнож байдаг сайд маань хэлсэн үгэндээ хүрэх нь юу л бол. Ямартаа ч үнэ тогворжуулах, бууруулах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж өчигдөр чуулганаар анхны хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа.

Гэхдээ Ерөнхий сайдын ингэж гүйж мэрийх нь цаанаа учиртай гэх цуу гараад эхэлж. Энэ долоо хоногийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэд хаалттай хийсэн хурлынхаа үеэр “Хөнгөн хандлаа”, “Жагсагчдын амлалтыг биелүүлэх боломжгүй” гэх зэрэг үг унагаж намын даргаа шүүмжилсэн сурагтай. Бүр зарим гишүүд залуусын жагсаалын ард Ерөнхий сайд байгаа гэж хардсан бололтой. Хөгжлийн банк, авлига хээл хахуультай холбогдсон хэдийгээ зайлуулж чадахгүй, алсдаа өөрөө чирэгдэх нигууртай байсан учир энэ жагсаалыг сэдсэн байж магадгүй гэх яриа аль хэдийнэ саарал ордонд тарсан бололтой дог.

Хэрэв явган яриа үнэн аваас засаг унахын ирмэг дээр дэнжигнэж байгаа Ерөнхий сайд өөртөө сүүлийн боломж олгосон байж таарах нь.

Үгүй байлаа ч хардах эрх бидэнд бий. Учир нь тэрбээр “Авлигын эсрэг би тууштай тэмцэнэ. Хөгжлийн банкнаас эхэлнэ. Заавал хариуцлага хүлээлгэнэ. Хамт тэмцье залуус аа” гэдэг үг зүгээр ч нэг амнаас нь унаагүй байж мэдэх юм. Ямартаа ч аль нь ч бай түүний хувьд засгаа аварч үлдэх ганц боломж нь энэхүү жагсаал болж таарлаа. Гагцхүү ямар арга ухаан сийлж энэ улс орны эдийн засгийг өндийлгөх, үгүй ээ ядаж тогтворжуулахыг ард түмэн хүлээсээр...

                                                                                                                                       Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)