
Авлигатай тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авчээ. Мөн түүний хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, нэгжлэг хийсэн байна.
“Сахал” гэгдэх Д.Эрдэнэбилэгийг 48 цаг саатуулж байцаалт авсан гэх мэдээлэл цацагдсан ч түүнийг саатуулаагүй мэдүүлэг аваад явуулжээ. Тэрбээр Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод байгаа бөгөөд Засгийн газраас хамаарал бүхий “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компаниудыг төрд эргүүлэн авах шийдвэр гаргаад байгаа юм. Ямартай ч Д.Эрдэнэбилэг өчигдөр “Улаан бал” нэвтрүүлгийн зочноор орж зээлтэй холбоотой асуултад тайлбар өгсөн юм. Түүний “зээл авч болно, зээлээ төлөхгүй ч байж болно” гэдэг утгатай зүйл ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.