
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн.
Тус ажлын хүрээнд Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Энэ үеэр Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Ганхуяг “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амыг хамруулах ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Бид цаашид бодлогоор нийт хүн амд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг эмчлэх, өвчлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урт хугацааны бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн.” гэдгийг онцоллоо.
Налайх, Багахангай дүүрэг нь Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдээ хамруулах, багц шинжилгээг бүрэн хийх үүднээс дурангийн эмчийг гэрээгээр ажиллуулж эхэлснээр иргэдийн хамрагдах идэвх эрс нэмэгджээ.