Өнгөрсөн 2024 онд нийслэлийн хэмжээнд голын усанд 19 том хүн, 6 хүүхэд осолдож амиа алджээ

Admin | 4 цагийн өмнө


Нийслэлийн хэмжээнд гал түймэр, гол, усны ослын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа, Э.Батбаяр, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн орон нутаг хариуцсан ерөнхий инженер Э.Дариймаа нар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн хэмжээнд 2025 оны гарсаар аврах ажиллагааны 94, объектын гал түймрийн 1551, шар өвсний гал түймрийн 270, ой хээрийн гал түймрийн 4 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн албан хаагчид өдөр бүр хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу завьт эргүүл болон хөдөлгөөнт эргүүлүүд 9 чиглэлд ажиллаж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас голын эрэг дагуу зорчиж буй иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, гол, усны ослоор эрүүл, мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Туул, Тэрэлж голд 4 иргэн осолдсоныг Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулан, осолдогчдыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа. Өнгөрсөн 2024 онд нийслэлийн хэмжээнд голын усанд 19 том хүн, 6 хүүхэд осолдож амиа алдсан.

Цаашид хэт халалт үргэлжлэхийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Иймд иргэд гол, усны дагуу зорчихдоо осолдохоос сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)