
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, саадгүй хүргэх зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгээр 21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олгох үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон эмнэлгийн удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн арга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид онцгой анхаарч хэнийг ч үл орхигдуулахгүй байх зарчимд нийцүүлэн ажиллах”-ыг эмнэлгийн удирдлагуудад онцгойлон захилаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл нь сүүлийн хоёр жил коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үеийн тусламж, үйлчилгээнд түлхүү анхаарч, цар тахалтай холбоотой хил гаалийн нөхцөл байдалд эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэх үеийн холбогдох зохицуулалтыг хийж ажилласан бол 2022 оны хоёрдугаар хагас жилд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 33 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд түлхүү анхааран ажиллаж байна.