Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 361.9 тэрбум төгрөгөөр багаслаа

Admin | 2022-03-01


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 361.9 (22.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 344.8 (32.3 хувь) тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.2 (8.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлжээ.

Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 11.1 (7.9 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах, хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 1.1 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бууралтад чулуун, хүрэн нүүрс олборлолт 350.3 (72.8 хувь) тэрбум, газрын тос олборлолт 69.3 (93.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөллөө. Нийт үйлдвэрлэл буурахад уул уурхай, олборлох салбар 179.4 (19.9 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2022 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төмрийн хүдэр, алтны олборлолтын биет хэмжээ 28.1-37.3 хувиар нэмэгдсэн бол хүрэн нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 1.4-96.7 хувиар багасжээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт нүүрсэн шахмал түлш, согтууруулах ундаа, катодын зэс (99 хувь), ус, ундаа, жүүс, спирт, боловсруулсан шингэн сүү, самнасан ноолуур, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.2 хувиас 3 дахин нэмэгдэж, янжуур тамхи, малын мах, гурил, амны хаалт, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 19.3-61.1 хувиар багасав.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 603.7 (28.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 603.5 (39.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 603.5 (39.3 хувь) тэрбум төгрөгөөр багасахад чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбарын борлуулалт 425.5 (74.8 хувь), металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 81.3 (9.4 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 24 (89.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд 2022 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 778.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний 86.1 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 13.8 хувийг нүүрс олборлолтын салбар, 0.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж, харин металлын хүдэр олборлолтын салбар 30.9 нэгж хувиар өсөж, нүүрс олборлолтын салбар 24.3 нэгж хувиар, бусад ашигт малтмал олборлолтын салбар 1.3 нэгж хувиар багассан байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) нэгдүгээр сард 191.2 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.3 хувиар нэмэгдсэн аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)