
Энэ сарын 23-нд Нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай эрэгтэй цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг амиа хорлосон, ганцаараа байсан нь камерын бичлэгт үлдсэн гэх зэрэг мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цонхноос дүүжлэгдэж “Амь авраарай” гэж орилж байсан гэх мэдээлэл байна. Түүнийг хоёр гурван хүн татсан ч дийлэхгүй унасан хэмээх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Хэрэв энэ үнэн бол тухайн иргэн гэнэ алдаж цонхноос унасан болж таарах нь.
Эмнэлгийн цонх ямар нэгэн хаалтгүй байсан нь тухайн иргэнийг үхэлд хүргэв үү.
Ямартай ч хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд эцсийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Жилийн өмнө шөнийн ээлжид гарч байсан сувилагч эмнэлгийн яг уг жигүүрээс мөн унаж амиа алдсан байдаг. Тиймээс энэ асуудлыг эмнэлгийн удирдлагууд анхааралдаа авах нь зүйтэй болов уу. Гэвч өнөөдрийг хүртэл Нэгдүгээр эмнэлгийн дарга ил гарч ямар нэг тайлбар өгсөнгүй.
Өмнө нь амаржсан эмэгтэйг идэр есийн хүйтэнд тавчиктай эмнэлгээс гаргасан асуудлаас болж Засгийн газар огцорч байсан удаатай. Нэгдүгээр төрөхийн даргыг ч ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл хоёр хүн амиа алдчихаад байхад Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Хишигжаргал яагаад таг чимээгүй сууна вэ. Эсвэл олны хэл амнаас холуурхан сууж байгаад сандал ширээтэй үлдэх сонирхол байна уу...?