
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай танилцлаа.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжиж байгаа болон цаашид хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр багтсан.
Үүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологиудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон чиглэлийн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий болоод байгаа юм. Тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.