
Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.
Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл илэрхийлэх ёслол өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцож буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэв.
Тэрбээр, Монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Түүнчлэн Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд шинэ чиг хандлага, өөрчлөлт гарч эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх жин жилээс жилд нэмэгдэж байгааг онцолж, эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо цэргийн харилцаанд зохицол, зөвшилцлийн уур амьсгал, энэрэнгүйн соёл түгээн, энхийг дэмжих ажиллагааны хүнлэг зорилгод илүүтэй нийцэж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, үймээн самууны хөлд нэрвэгдэгсэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өндөр үр дүнтэй байдгийг дурдав.
Мөн Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж буйг онцоллоо.