ӨНӨӨДРИЙН ӨНГӨ: Бяцхан гүнжийн тэнгэрээс ээждээ илгээсэн ОДОН

Admin | 2022-05-27


   Зохиолч Ү.Хүрэлбаатар “Даян дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө Дуулим хорвоог уяртал за гэж хэлцгээе” хэмээн шүлэглэснийг хөгжмийн зохиолч Л.Балхжав ая оруулж дуучин Т.Ариунаа дуулсныг санаж байна уу. Сүүлийн 30 жил уг дууг монголын эх, үрсийн баярын илэрхийлэл болж ирсэн билээ.  Эх, үрсийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүдэд “Алдарт эх” хэмээх эрхэм одонг шагналыг гардуулдаг болоод удаж байна. “Алдарт эх” одонг 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд  хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг. Учир нь эмэгтэй хүн нэг хүүхэд төрүүлэхэд л 300 орчим яс салж нийлдэг гэдэг бөгөөд гурван жилийн хугацаанд алдсан биеийн шим тэжээлээ нөхдөг аж. Тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөн эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж буй эх хүний энэ их тэсвэр, тэвчээр, гайхамшигийг үнэлж “Алдарт эх” хэмээх үнэ цэнтэй одонг хүртээдэг билээ.

Тиймдээ жилийн энэ л өдрүүдэд “одон”-той ээжүүд Төрийн ордон, Төв талбайг чимсэн өдрүүд үргэлжилсээр. Түмэн ээжүүдийн дундаас нэгэн ээжийг бид энэ удаагийн “Өнөөдрийн өнгө” буландаа онцоллоо. Түүнийг Б.Цэцэгдэлгэр гэдэг. Улсын дээд шүүхэд ахлах шинжээчээр ажилладаг бол нөхөр Б.Ариунболд Замын цагдаагийн ахмад . Тэд төрийн албанд түмнийхээ төлөө ажилладаг эгэл залуу гэр бүлийн төлөөлөл юм. Б.Цэцэгдэлгэр дөрвөн хүү төрүүлж өсгөн Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одонг “Дархан бэр”-тэй хамт энгэртээ гялалзуулжээ.

Тэрбээр “Сайн аав, халамжтай ханьдаа маш их баярлалаа. Үр хүүхдүүдийг минь хамт өсгөлцөж үргэлж, тусалж дэмжиж байдаг хоёрын талын аав, ээж нартаа баярлалаа. Тэнгэрээс ээжийгээ харж байгаа бяцхан охиндоо маш их баярлалаа” хэмээн хоолой зангируулж байлаа.

Дашрамд дурдахад монголчуудын уламжлалт ёс заншилд Дархан бэрийг хадам аавын хамт гэрийн хэргийг хэлэлцэх, хөвгүүдтэй нь эн тэнцүү эрхтэй хэмээн хүндэлж ирсэн байдаг.

Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэж ардын сайхан үг бий. Монголын олон мянган “Алдарт эх”-ийн нэг Б.Цэцэгдэлгэрийнхээ гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)