
Монголчууд яаж ч ядарч явсан үхсэн малын зовлого идэхээс цээрлэдэг. Гэтэл өнөөдөр бид нийтээрээ өнөө цээрлээд байсан үхсэн малын зовлогоо зооглож байх ч гэж. Сүүлийн өдрүүдэд Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи” гэх мах боловсруулах үйлдвэрийн мэдээлэл олон нийтийг цочирдууллаа. Тус үйлдвэрт муудаж үнэр орсон, гарал үүсэл нь тодорхойгүй махыг их хэмжээгээр үнэр дарагч бодистой хольж буй бичлэг цацагдсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгалтыг дорвитойхон хиймээр байна.
Ямартай ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж тус үйлдвэрийн бэлтгэсэн махнаас хүний биед шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болох хэд хэдэн ноцтой мэдээллийг өглөө. Махнаас илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байдаг аж. Харин дээрх үйлдвэрийн боловсруулсан махны нян 3000 дахин их байж. Мөн муудсан махыг угаахдаа ашиглаж байсан нунтаг бодисоос Формальдегид буюу цогцос хадгалахад ашигладаг химийн хорт бодис илэрсэн. Тэгэхээр монголчууд үхсэн малын сэг зэмээр хооллодог болж таарлаа. Тэгвэл энэ үйлдвэр яг ямар хоолны газрууд, үйлчилгээний байгууллагад махаа нийлүүлдэг болохыг дорвитой шалгаж нийтэд ил тод бол болгомоор байна.
Тухайн махны үйлдвэр уг махыг дотоодод худалдаалдаггүй гэх. Гэвч өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд, түргэн хоолны үйлчилгээ үзүүлэгчид аль хямд мах худалдаж авч байгаа нь тодорхой асуудал болчихлоо. Бас нэгэн нэр бүхий компанийн махны үйлдвэр дээрхтэй ижил аргаар мах бэлтгэдэг ба түүнийгээ Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий сүлжээ цайны газруудад нийлүүлдэг гэх мэдээлэл ч цацагдсан. Тиймээс шалгалт хийж үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх чухал байна. Тэгэхгүй бол нийтээрээ хордож үхэх нь байна.
Учир нь хөшигний ард хоол үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагддагыг яг таг хянах боломжгүй. Үнэр амтыг нь дарж олон янзын амтлагчинд холиод хоол хийгээд тавгалахад хэн ч анзаарахгүй нь ойлгомжтой. Хамгийн ноцтой нь тус үйлдвэрийн агуулахад 175 тонн мах байсныг битүүмжилсэн гээд байгаа. Зөвхөн нэг үйлдвэрийн үйл ажиллагаа ил болоход улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудал сөхөгдөж байна. Цаана нь хичнээн ийм үйлдвэрүүд байгааг таашгүй.
Монголчууд өдөр тутамдаа гадуур хооллохдоо хоол хэмээн хор худалдаж авч байгааг үгүйсгэхгүй юм. Тиймээс гадуур биш гэртээ хооллож байя гэсэн уриа ч иргэдийн дунд гарчээ.
Д.СҮРЭН