
Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр нийслэлийн Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд, Соёлын сайд Ч.Номин болон Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атэш нарын төлөөлөгчид оролцсон байна. Бүгд Найрамдах Турк улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй уг музей нь тухайн хөшөө дурсгал буй газар дээрээ баригдаж буйгаараа онцлог бөгөөд Туркийн талаас нийт 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцогтын тал” гэх газарт оршин буй Мэргэн Тоньюкукын цогцолборыг музей болгон хөгжүүлэх нь соёлын өвийг хадгалж, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын зорилтуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа үнэ цэнтэй бусад соёлын биет өвийг энэ жишгийн дагуу хөгжүүлэх сайн туршлагыг бий болгож байгаа нь төслийн ач холбогдлыг улам бүр өргөж байна” гэлээ.