
Коронавируст халдварын цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар Түр хорооны хуралдааны үеэр эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Манай улсад 2022 оны аравдугаар сарын 31-ний байдлаар долоо хоногт коронавируст халдварын 357 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 114 тохиолдлоор нэмэгджээ. Батлагдсан тохиолдлын 87.9 хувьд шинж тэмдэг илэрсэн бол 12.1 хувьд нь шинж тэмдэггүй байна. Хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх шинж тэмдэг давамгайлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын улмаас 157 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 26.8 хувь нь хүнд, 72 нь хүндэвтэр, 1.2 хувь нь хөнгөн. Коронавируст халдвараар хүүхэд өвдсөн 218,153 тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 22.1 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр ангилбал 0-4 насны хүүхэд 27.6 хувь, 5-11 насны хүүхэд 44.5 хувь, 12-15 насны хүүхэд 19.6 хувь, 16-17 насны хүүхэд 8.4 хувийг эзэлж байна.
Манай улсад коронавируст халдварын дэгдэлтийн таван удаагийн давлагаа бүртгэгдсэн ба Альфа, Дельта, Омикрон ВА1, ВА2, ВА5 хувилбаруудаар үүсгэгджээ. КОВИД-19-ийн хувилбарын тандалтыг түүвэр аргаар долоо хоног бүр хийж бүрэн генийн дараалал (NGS) тогтоох шинжилгээний дүн болон тархвар судлалын талаар мэдээллийг ДЭМБ-д мэдээлж хэвшсэн. Хувилбарын тандалтаас харахад есдүгээр сард авсан 40 сорьцын 32 буюу 80 хувь нь Омикрон ВА.5.2 илэрсэн байна. Ямар нэгэн хариу арга хэмжээ, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт ороогүй тохиолдолд тохиолдлын тоо дунджаар 10 хоногт хоёр дахин ихсэх төлөвтэй байна. 2022-2023 оны улирлын томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг гаргаж бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа" гэв.