Нэгдүгээр эмнэлэг солонгос эмч нартай хамтран зүрхний хүнд хэлбэрийн мэс заслыг хийлээ

Admin | 2022-11-07


ЭМЯ-аас тусламж, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, өөрийн улсдаа хийх боломжтой шинэ технологи, эмчилгээг нутагшуулах тал дээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

УНТЭ-ийн зүрхний эмч нар БНСУ-ын Кореа их сургуулийн “Анам” эмнэлэгт суралцан, мэргэжил дээшлүүлж, улмаар тус сургуулийн эмч, профессоруудын багтай хамтран 5 хүнд зүрхний аблаци буюу түлэх мэс заслыг амжилттай хийлээ. Өнөөдрийн байдлаар мэс засалд орсон өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд мэс заслын дараах эмчилгээ, үйлчилгээндээ ороод сайн байгаа аж.

Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Шим Жэ Мин: Манай эмнэлгийн зүрхний хэм алдалтын баг Монголд ирээд гурав хоногийн турш УНТЭ-ийн зүрхний эмч нартай хамтран 5 өвчтөнд зүрхний аблаци мэс заслыг хийлээ. УНТЭ-ийн зүрхний төвийн эмч нар “Анам” эмнэлэгт суралцан, мэргэжил дээшлүүлэн энэ төрлийн мэс заслыг Монголдоо анх удаа хийж, энэ төрлийн эмчилгээг эхлүүлж байгааг харсандаа их баяртай байна. Цаашид Корeа их сургуулийн “Анам” эмнэлэг, УНТЭ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон шинэ төрлийн мэс заслыг хийж,  олон хүнд тусламж үйлчилгээг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн сургалт, судалгаа зэрэг мэргэжлийн түвшинд олон талаар хамтран ажиллах боломжуудыг нээж ажиллана. Хүнд хэлбэрийн мэс заслыг эх орондоо нутагшуулахад ЭМЯ, УНТЭ-ээс бүх талаар дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Манай Корeа Их Сургуулийн “Анам” эмнэлэг нь БНСУ-д анх удаа “Тосгуурын хэм алдалт”-ын мэс заслыг эхлүүлж 5000 гаруй мэс засал  хийгдсэн анхны эмнэлэг юм. 

УНТЭ-ийн Зүрхний төвийн их эмч Г.Ананд : Зүрхний төвийн хэм алдагдалтын баг нь БНСУ-ын Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн хэм алдагдалтын багийн профессор Шим Жэ Минээр ахлуулсан нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн багтай хамтран нийт 5 зүрхний хэм алдалттай хүмүүст зүрхний Аблаци (түлэх) эмчилгээг хийж дуусгалаа. Хэм алдалт дотроосоо бид хүнд хэлбэрийн тосгуурын хэм алдалт, ховдлын хэм алдалт, ховдлын дээрх хэм алдалт түлэх эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)