А.ПҮРЭВДУЛАМ: МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн мэдэгдэл бодит байдлаас зөрж байна. Жагсаал хийсэн залуусын эрхэнд бүдүүлгээр халдсаар байгаа

Admin | 2022-11-08


Шүүхээс Э.Одбаярт нэг жил хоёр сар, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл зэрэг залууст нэг жилийн хугацаанд харьяа дүүргээсээ гарахгүй байх буюу зорчих эрхийг хязгаарлах ял оноосон билээ. Энэ талаар өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцаа. 
 

-Э.Одбаяр тэргүүтэй залууст шүүхээс зорчих эрхийг нь хязгаарлах ял өглөө. Олон нийтийн жагсаал цуглаанд идэвхтэй оролцож дуу хоолойгоо илэрхийлдэг залууст шүүхээс ял өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг нэлээд дагуулах боллоо. Таны хувьд шүүхээс гаргасан шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь энэ хэрэг жил гаруй хугацаанд явж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Монголхүүг гэрийнх нь гаднаас баривчлагдсан үйл явдлаас гол процесс эхэлсэн. Д.Монголхүүг анх таслан сэргийлэх арга хэмжээтэй хугацаандаа зөвшөөрөлгүй хотоос гарч явсан гэдэг үндэслэлээр баривчилсан. Үүнийг үйлдэхдээ прокурорын ямар ч хууль тогтоомж байхгүй шууд гүйцэтгэх ажиллагааны журмаар гэрийнх нь гаднаас баривчилсан. Тухайн үед бид Nodoublestarndart хөдөлгөөнийг өрнүүлээд байсан. Талбай дээр сар гаруйн хугацаанд Nodoublestarndart хөдөлгөөнийг өрнүүлж хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй байх ёстой байхыг шаардсан. Д.Монголхүүгийн талаар цахим орчинд буюу clubhouse-д залуус мэдээлэл солилцож нэгдсэн хэрэг. 
-Д.Монголхүү, Э.Одбаяр нар Nodoublestarndart хөдөлгөөнд оролцож байсан нь хэрэг үүсгэх гол шалтгаан болов уу. Хэдийгээр ял оноосон шалтгаан нь өөр боловч цаанаа ийм агуулга байж магадгүй гэсэн олны хардлага байна?
-Миний хувьд Nodoublestarndart хөдөлгөөнд манлайлж оролцож байсан. Тухайн үед олон ч залуус органикаараа хөдөлгөөнд идэвхтэй оролцсон. Д.Монголхүү, Э.Одбаяр нар ч мөн хөдөлгөөнд идэвхтэй оролцсон. Тиймээс одоо ч эдгээр залууст Nonaadam, Nodoublestandart хөдөлгөөнтэй холбоотойгоор хэрэг наах гэж оролддог. Эдгээр залуусыг санаачилсан болгоод хэрэг тохох гэж оролддог. Гэтэл clubhouse-т -хоёр сарын хугацаанд залуус нэгдээд 2000 гаруй гарын үсэг цуглуулаад Nodoublestandart хөдөлгөөнийг эхлүүлээд найман зүйл бүхий шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн залуусын нэр, гарын үсэг уг нь байгаа. Гэтэл Э.Одбаяр тэргүүтэй залуус хөдөлгөөнийг наагаад хэргийг эзэнтэй болгох гэсэн манайхны технологи яваад байна л даа. Хэргийг эзэнтэй болгохын тулд жил гаруй явж ирлээ. 
-Э.Одбаяр тэргүүтэй залуусыг буруутгаж буй нэг хэрэг нь Хорин 461 дүгээр ангиас Д.Монголхүүг оргуулсан явдал. Тухайн үед үнэхээр хууль зөрчсөн үү?
-Д.Монголхүүг цагдаагийн байгууллага аваад явж байна гэдгийг мэдээд залуус Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Тэнд өмгөөлөгчтэй уулзах боломжийг олгоогүй. Намайг цагдаагийн хэлтэст очиход Одбаяр, Билгүүн зэрэг залуучууд clubhouse-с сонсоод хүрээд ирсэн байсан. Бид адилхан л Д.Монголхүүг суллахыг шаардсан. Тухайн үед миний гайхсан ганц зүйл бол яагаад өмгөөлөгчтэй уулзуулахгүй байгаа юм. 30 гаруй минут хүлээж байхад шүү дээ. Өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрх нь хэн бүхэнд нээлттэй байдаг. Энэ бүх процессыг явуулахгүйгээр арын хаалга буюу жижүүрийн хаалгаар Д.Монголхүүг аваад 461 дүгээр хорих анги руу явчихсан. Тиймээс залуучууд бид 461 дүгээр анги руу хууль ёсыг шаардаж очсон. 
-Д.Монголхүүг хорьсон байсан уу?
-Очиход Д.Монголхүү хорих ангийн үүдний эмчийн өрөөнд байсан. Би үүнийг маш олон ярьж байна даа. Би өмгөөлөгчийнхөө үнэмлэхийг үзүүлээд, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээнд өмгөөллийнхөө баталгааг хангаад 461 дүгээр анги руу орсон. Харамсалтай нь үүнийг Д.Монголхүүг оргуулсан, өмгөөлөгч намайг залуусын үйлдлийг таслан зогсоогоогүй гэж буруутгасан. Надад тийм үүрэг байхгүй. Тэнд очсон залуучууд ч гэсэн ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй. Дандаа хууль ёсыг шаардаж очсон залуус байсан. Бид нэгдүгээрт Д.Монголхүүг аваад Цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаж очиж хууль ёсны дагуу шийдүүлж, шаардъя гээд явсан. 
-Хууль ёсны дагуу гэдгийг тодруулахгүй юу. Тухайн үед прокуророос хорих тогтоол гараагүй байсан гэж ярьдаг?
-Прокурорын тогтоолгүй. Араас ирж байгаа буюу нөхөн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажилтнуудаас “Та нар энэ хүнийг хүлээж авах тогтоол, шийдвэр нь байгаа юм уу” гэж асуухад “Араас прокурорын тогтоол ирнэ. Бид энэ хүнийг түр хүлээж авч байна. Албан ёсоор аваагүй” гэсэн. Энэ процесс чинь ерөөсөө явсаар Эрүүгийн хуулийн 23.1 буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэдэг үндэслэлээр ял оноох нэг шалтгаан болж байгаа юм. Миний хэрэг бол өмгөөллийн үйл ажиллагааны баталгаанд халдсан гээд тусдаа асуудал учраас хэрэгсэхгүй болсон. Маш олон өмгөөлөгчид надтай дуу хоолойгоо нэгтгэсэн. Д.Монголхүүгийн хэрэг мөн хэрэгсэхгүй болсон. Харин өнөөдрийн ярьж буй асуудал бол үг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэл өгсөн асуудал биш. Nowar хөдөлгөөнд холбогдуулж хэрэг үүсээд, шийтгэсэн асуудал ч биш. Анх хууль бус баривчилгаатай холбоотойгоор Д.Монголхүүг оргуулсан гэх гүтгэлгээс улбаатай юм. Энэ чинь гүтгэлэг гэнэ шүү дээ. Хууль ёсыг шаардсан, ШШГЕГ нь Монголхүүг албан ёсоор хүлээж аваагүй байсан. Цагдаагийн байгууллагын удирдлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоёр хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгдөг. ШШГЕГ нь “Манайх Д.Монголхүү гэж хүнийг хүлээж аваагүй. Манайхаас оргосон хүн байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн байдаг. Ийм л юманд буруутгаад Э.Одбаяр тэргүүтэй хүмүүст шүүхээс ял өгчхөөд байна.
-Э.Одбаярт үүсгэсэн нэг хэрэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гүтгэж худал мэдээлэл тараасан гээд байгаа. Хоёр өөр хэргийг хамтад нь шийдвэрлэж ял өгч болдог юм уу?
-Э.Одбаярт хэрэг наана гэдэг шиг хоёр тусдаа асуудлыг нэгтгээд ял оноосон. Үүнийг анх хэрэг үүсгэх үеэс л би гайхаж байсан. Анх мэдүүлэг авахад би өмгөөлөгчөөр нь оролцож байсан. Тухайн үед мөрдөн байцаагчийн асууж буй асуулт, Дорнодын мэдээлэлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн процессыг анхнаасаа хууль бус гэж боддог. 
-Яагаад?
-Э.Одбаярыг би шүгэл үлээсэн гэж хардаг. Одоо Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нийтийн эрх ашгийн төлөө нотлох баримттай шүгэл үлээсэн бол урамшуулал олгоно гэсэн заалт хүртэл явж байгаа шүү дээ. Тухайн үед нотлох баримттайгаар осол гээд байгаа боловч гэмт хэрэг гарсан байж болзошгүй нөхцөл байдлыг баримттайгаар дэлгэсэн. Зүй нь цагдаагийн байгууллага Одбаярыг буруутгах биш мэдээллийг нягталж урамшуулах ёстой. Гэмт хэрэг илрүүлэхэд иргэний үүднээс хувь нэмэр оруулж нийгэмд шүгэл үлээж гарч ирж байгаа юм. Гэтэл Э.Одбаярт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хохирогчтой эрүүгийн хэрэг үүсгээд явчихсан. Дараа нь Э.Одбаярыг энэ хэрэгтэй холбогдуулан цагдан хорьсон байдаг. Мөн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь ноцтой зөрчөөд шууд ачаад явчихсан ш дээ. Би өмгөөлөгчөөр ортол “Таны асуудал тусдаа шалгагдаад явна” гээд оруулаагүй. Би Д.Монголхүүг оргуулсан гэдэг асуудалд буруутгагдсан байсан учраас тэр. Ингээд өмгөөлөл авах эрхийг нь хангахгүйгээр хорьсон. Ингээд Э.Одбаярын өмнөх Д.Монголхүүг оргуулсан асуудалтай дээрх гүтгэсэн гэх хэргийг нэгтгээд тухайн этгээдийн эрхзүйн байдлыг шууд дордуулж ял оноож байгаа нь үнэхээр харамсалтай зүйл гэж би өмгөөлөгч хүний хувьд харж байна. 
-Зорчих эрхээ шүүхээр хязгаарлуулсан залуус давж заалдах уу?
-Мэдээж давж заалдах байх. Найман өмгөөлөгч орж байгаа. Миний хувьд хэлмэгдээд явчихсан учраас өмгөөлөгчөөр оролцох боломжгүй болчихсон.
-Гэхдээ шүүхийн шийдвэрийг үзэл бодлоо илэрхийлсэн хэн нэгэн ял авч, хэрэгтэн болоод дуусна шүү гэсэн сануулга харагдаад байна гэх олон нийтийн хардлага төрөөд байгаа. Энэ тухайд? 
-Үг үзэл бодлоо илэрхийлэхээр сүүлийн хоёр жил жагсаал, цуглаан хийгээд явлаа. Гэтэл МАН-аас “Бид жагсаал цуглаан хийх эрхэд хүндэтгэлтэй хандаж ирсэн” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа. Гэтэл биднийг анх хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой гээд Nodoublestandart зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулж 2000 гаруй залуус гарын үсэг зурж нэгдэж жагсаал хийх үеэр МАН буюу эрх баригчид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд бүдүүлгээр халдсаар ирсэн шүү дээ. Ерөнхий сайдаасаа авхуулаад биднийг хэдхэн хүний жагсаал гэж үл хүндэтгэж доромжилсон. Цагдаагийн байгууллага маш хүнлэг бусаар жагсаал цуглааныг албадан тарааж байсан. Цагдаа нартай бид үзэлцээд байлаа. Гэтэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан гэдэг хүний мэдэгдэл бодит байдлаас зөрж байна. Өөрсдөө сошиалаар олон нийтэд сайхан сайхан юм яриад, яг амьдрал дээр залуусын дуу хоолойг хорьдог асуудал одоо ч байгаа. Хэрэв ийм байдлаар буюу айлгах тактик барьж иргэдийн дуу хоолойг хорьж байгаа бол энэ том эндүүрэл. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах боломжгүй.

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)