
Хаврын урь ороод хөдөөгийн малчдын хотонд ажил эд буцалдаг үе. Энэ үеэр мал төллөж, ямаа самнахаас эхлээд ажил мондохгүй. Ялангуяа ямаа самнах гэдэг нь нэг төрлийн хөлсний ажлын хэлбэрт ороод байна. Малчид сумын төв, аймгийн төв, хотоос ямаа самнах хүн хөлсөөр аваачиж ажлуулдаг болж. Тухайлбал, өнгөрсөн жил нэг ямааг 5-10 мянган төгрөг өгч самнуулдаг байсан бол энэ жил нэг ямааг 10 мянган төгрөг өгч самнуулах байна. Фэйсбүүк орчинд ямаа самнана, ямаа самнах хүн авна гэсэн зар битүү хөврөх аж.
Ямаа самнах ханш нь нэг эр ямааг 12 мянган төгрөг, эм ямааг 10 мянган төгрөг байна. Бүр ямаа самнах бригад хүртэл байдаг болжээ. Иргэн ч бай, бригад ч бай хавартаа бол хамгийн эрэлттэй ажил болж. Нэг хүнд өдөрт дунджаар 6-12 ямаа самнадаг байна.
Гэсэн хэдий ч ажил, мөнгө бэлэн байхад ямаа самнах хүн ховор байгаа талаар малчид ярих болжээ. Сонирхуулахад нэг хүнд өдөрт багадаа 6 ямаа самнах боломжтой бөгөөд 10 гаруй ямаа самнах хүмүүс ч байдаг аж.
Д.СҮРЭН