
Казахстаны Астана хотод үргэлжилж байгаа бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан өчигдөр дууслаа. Өчигдөр 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Манай тамирчдаас 62 кг-ын жинд зодоглосон Пүрэвдоржийн Орхон мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сонам Сонамын далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авсан. Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, 7:3 оноогоор ялсан. Финалд алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга, Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, 5:9 ялагдав. Мөн 53 кг-д хүч үзсэн Бат-Очирын Болортуяа тивийн хүрэл медальтан болсон. Тэрбээр хагас шигшээд Японы Акари Фужинамид ялагдсан ч, медалийн төлөө Тайваний бөхийн оноогоор цэвэр ялсан байна. 72 кг-д барилдсан Энх-Амарын Даваанасан ч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй чөлөөт бөхийнхөн энэ удаагийн тивийн аваргыг хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай өндөрлөв.
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн төрөл эхэлнэ.
4-р сарын 13-д
57 кг жинд Занданбудын Занабазар
65 кг жинд Төмөр-Очирын Тулга
70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд
79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж
97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан
4-р сарын 14-д
61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга
74 кг жинд Олонбаярын Сүлдхүү
86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
92 кг жинд Ганбаатарын Ганхуяг
125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.