
Катарын Доха хотод жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын бөхчүүд татамид гарсан. Монголын баг хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. “Ташкент-2022” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж Дохад 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Хүх Мимиг ялж шагналын тавцанд зогслоо. Л.Энхрийлэн
Л.Энхрийлэн Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, А.Басхүү энэхүү амжилтыг үзүүлж байв.