
2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-нд болно. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15.783 сурагч шалгалт өгнө. Сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор НЗДТГ-аас дараах зохицуулалтыг хийжээ.
Үүнд,
-Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
-Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
-Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
-Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ.